Испанид үерийн улмаас 100 шахам хүн амиа алджээ

xpost 2024-10-31

Аравдугаар сарын 30-ны лхагва гаргийн орой Испанийн зүүн болон өмнөд хэсэгт сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй үер болсны улмаас амиа алдсан хүний тоо 95-д хүрчээ.

Орон нутгийн 19:00 цагийн байдлаар үерийн улмаас Валенсия мужид 92 хүн, Малага мужид нэг, Кастилья-Ла Манчад хоёр хүн амиа алдсан байна.

Тус улсын газар нутгийн бодлогын сайд Анхель Виктор Торрес байгалийн гамшигтай холбогдуулан 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарлаж, гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад төрийн болон Европын сангаас “шаардлагатай бүх тусламжийг” үзүүлэхээ амлав.

Хүчтэй аадар бороо орж, үер болсны улмаас Валенсия мужийн 155 мянган өрх цахилгаангүй болсон гэж цахилгаан нийлүүлэгч “Ибердрола” компани мэдэгджээ. Мөн авто зам, агаарын болон төмөр замын харилцаа саатсан байна. Валенсия мужийн олон арван оршин суугч автомашин, дэлгүүр, шатахуун түгээх станцуудын дээвэр дээр хоног төөрүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Испанийн төрийн цаг уурын байгууллага Валенсия болон Андалусия мужийн зарим хэсэгт аюулын түвшнийг нэмэгдүүлжээ. Цаг уурчдын мэдээлснээр цаг агаарын таагүй байдал аравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Герман болон Европын Холбооны эрх баригчид Испани улсад туслахад бэлэн гэдгээ мэдэгдэв

Европын Холбоо Испанийн аврагчдад туслахын тулд “Коперник” хиймэл дагуулын үйлчилгээг үзүүлж байгааг Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгджээ. Германы Канцлер Олаф Шольц  Испани улсад “шаардлагатай бүх тусламжийг үзүүлэх асуудлаар” хэлэлцээ хийж байна гэж Х хуудсандаа мэдэгдсэн байна. Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фазер үерийг “байгалийн аймшигт гамшиг” гэж нэрлэжээ.