“Монгол хаан” жүжгийг Сингапурт 30 мянга гаруй үзэгч үзэж сонирхжээ

xpost 2024-11-6

Жилд 45 сая орчим хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвийн нэг Сингапурын дэлхийн алдарт “Марина Бэй Сэндс” цогцолборт анх удаа “Монгол хаан” жүжгийг гурван долоо хоног тоглож,  хаалтаа англи хэлээр тогложээ.

Тус жүжигт Азийн соёлын тэргүүлэх компанийн нэг “Base Entertainment Asia” хөрөнгө оруулж, хамтран продюсинг хийсэн байна.

Эл жүжгийн Сингапур дахь тоглолт Монголын урлагийн зах зээлд олон улсаас хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн өрсөлдөх зарчмаар тоглосон анхны тохиолдол болж буй юм.  Жүжгийг нийт 22 удаа тоглохдоо 10 удаа англи хэлээр, 12 удаа монгол хэлээр тоглож 30 мянга гаруй үзэгчдэд толилуулжээ.

“Монгол хаан” жүжгийн гол дүрийг бүтээсэн МУГЖ Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, У.Уранчимэг, жүжигчин О.Дөлгөөн, О.Самданпүрэв нар англи хэлээр ээлжлэн тоглож, олон улсын үзэгчид талархалтай хүлээж авсан нь Монгол жүжигчдийн ур чадвар олон улсын түвшинд хүрснийг харуулсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Түүнчлэн жүжгийн англи хувилбарын гол дүрүүдийг “Нетфликс”-ийн цувралаараа алдаршсан Холливудын жүжигчин Рон Юан, Марк Дакаскос, Леонард Ву, мисс А.Баярцэцэг, Америкт жүжигчнээр ажилладаг Г.Занабазар нар бүтээсэн нь Монгол жүжигт Холливудын болон Монгол жүжигчид хамтран тоглосон анхны тохиолдол болсноороо онцлогтой юм.  Мөн энэхүү жүжиг нь дэлхийд Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болохын зэрэгцээ Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйг зарласан явдал болж байна.

“Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали зэрэг улсын продюсинг 10 орчим компани ирж үзэж, 2025-2026 оны аялан тоглолтын санамж бичгүүдийг үзэглэжээ.

Олон улсын аялан тоглолтын тов албан ёсоор удахгүй гарах аж.