Украйн АНУ-ын гал зогсоох саналыг хүлээн авлаа

xpost 2025-03-12

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын санал болгосон 30 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг хүлээн авчээ. Тус саналыг Саудын Арабт зохион байгуулагдсан АНУ болон Украины албаныхны энхийн хэлэлцээрийн үеэр шийдсэн байна.

Гал зогсоох санал нь зөвхөн агаар, далайн бүсэд бус харин фронтын шугамыг бүхэлд нь хамарна хэмээн Зеленский мэдэгдлээ.

“Украин энэ саналыг хүлээн зөвшөөрч байна, бид үүнийг эерэг шийдвэр хэмээн харж, үүнийг хийхэд бэлэн байна. Харин АНУ Оросыг мөн энэхүү саналыг хүлээн авахыг ятгах хэрэгтэйхэмээн тэрбээр дурдлаа. Москва зөвшөөрсөн даруйд гал зогсоох ажиллагаа эхлэхийг мөн тэрбээр онцлов.

АНУ, Украины хамтарсан мэдэгдэлд “тус улсын тагнуулын мэдээлэл хуваалцах үйл ажиллагааг даруй сэргээж, Украины аюулгүй байдлын тусламжийг үргэлжлүүлэх” талаар дурджээ. Мягмар гарагт Украины албаныхан АНУ-аас үзүүлж буй аюулгүй байдлын тусламж сэргэсэн болохыг баталлаа.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уулзалтын дараа “Одоо дайныг дуусгах алхмыг хийх үүрэг Орост байна. Бид тэднийг зөвшөөрнө гэж найдаж байна. Одоо шийдвэр гаргах ээлж Орост ирлээ” гэж мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдээг баяртайгаар хүлээн авч, энэ долоо хоногт Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцахаа мэдэгдлээ.