Путин бүрэн гал зогсоох Трампын саналаас татгалзав

xpost 2025-03-19

Мягмар гарагт Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярилцсан бөгөөд тэрээр Украинд бүрэн гал зогсоох хэлэлцээрээс татгалзсан ч эрчим хүчний дэд бүтцийн эсрэг халдлагаа зогсоохыг зөвшөөрчээ.

Оросын удирдагч Украинд үзүүлэх гадны цэргийн тусламж, тагнуулын мэдээлэл солилцох ажиллагаа зогссон тохиолдолд бүрэн гал зогсоох тохиролцоонд хүрэх боломжтой гэж хэлсэн байна.

Гэхдээ хоёр удирдагч удахгүй урт хугацааны зохицуулалтын талаар нэн даруй техникийн түвшний яриа хэлэлцээр хийхээр тохиролцжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский эрчим хүчний дэд бүтцийг нь онилсон халдлагыг түр зогсоох саналыг хүлээн авч байгаа боловч дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн байна.

“Бид Ерөнхийлөгч Трамптай ярилцаж, оросууд америкчуудад юу санал болгосон, америкчууд оросуудад юу санал болгосныг нарийвчлан мэдэх нь зөв байх гэж бодож байна” гэж Зеленьский хэлэв.

Трамп өчигдөр Оросын удирдагчтай хийсэн яриаг “маш сайн, үр дүнтэй” болсон гэж тодорхойлжээ.

“Бид бүх эрчим хүчний дэд бүтцэд нэн даруй гал зогсоох тохиролцоонд хүрч, цаашлаад бүрэн гал зогсоох, эцэст нь Орос, Украины хооронд өрнөж буй энэхүү аймшигт дайныг төгсгөх талаар ярилцсан”гэж АНУ-ын ерөнхийлөгч “Truth Social” дээр бичсэн байна.

“Энх тайвны гэрээний хүрээнд олон мянган цэрэг амь үрэгдэж байгаа гэх мэт олон зүйлийг хэлэлцсэн. Ерөнхийлөгч Путин, Ерөнхийлөгч Зеленьский нар хоёул үүнийг дуусгахыг хүсэж байна” гэжээ.

Трамп-Путин хоёрын ярианы дараа Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд хоёр удирдагч “энх тайвныг тогтоохын тулд эхлээд эрчим хүч, дэд бүтцийн салбарт гал зогсоох”, дараа нь “Хар тэнгист гал зогсоох, бүрэн гал зогсоох, эцэст нь байнгын энх тайван тогтоох” тухай хэлэлцээ хийхээр тохиролцсон гэж өгүүлсэн байна.

Гэхдээ Кремль тусдаа мэдэгдэлдээ Киевтэй хийх аливаа хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой “цуврал чухал асуудлууд”байгааг тэмдэглэжээ. Мөн Украинд үзүүлж буй гадаадын дэмжлэг, тагнуулын үйл ажиллагааг зогсоох нь Оросын хувьд “гол нөхцөл” болохыг мэдэгдсэн байна.