
MCS группийн “М Армор” компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд /2025.02.18/ Тагнуулын ерөнхий газраас саатуулсан. Түүний хамт тус байгууллагын дөрвөн ажилтныг ч мөн саатуулсан.
Тэднийг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.
Харин үүнээс 23 хонгийн дараа буюу энэ сарын 11-нд /2025.03.11/ З.Төрмандахыг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэлийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн.
- Тодруулбал, “М-Си-Эс” группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоон 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжүүлсэн. Улмаар шүүх тус нөхцөл байдлуудыг харгалзан ийн шийдвэрлэсэн юм.
Мөн энэ үйл явдлаас гурав хонгийн дараа буюу энэ сарын 14-ны /2025.03.14/өдөр З.Төрмандахтай хамт саатуулагдсан нэр бүхий хүмүүсийг суллаж, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн.
- Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас “М-Си-Эс” группийн охин компани болох “М-Армор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд, Инженер-техникийн албаны дарга С.Жамъянтөгс нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.
Ингэснээр дээрх хэрэгт холбогдсон “М-Армор” ХХК-ийн Хуулийн албаны дарга Я.Бямбадаржаа, мэргэжилтэн Г.Гандалай нарын нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдэж, нөгөөх гурав нь суллагдаад байгаа юм.
Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр, “Биеийн байдал нь муудсаны улмаас суллаж, Улсын нэгдүгээр эмнэлэгт шилжүүлсэн З.Төрмандахыг дахин хорих 461 дүгээр хаалттай ангид шилжүүлсэн. Эмнэлэгт хүргэснээс хэдхэн өдрийн дараа түүнийг дахин хорьж эхэлсэн” гэгдэж байна.
Түүнчлэн З.Төрмандах болон хамт саатуулагдсан Я.Бямбадаржаа, Г.Гандалай нарт авсан нэг сарын хугацаанд хорих таслан сэргийлэх арга хэмжээ энэ сарын 18-нд дууссан.
Тиймээс холбогдох шүүх болон Тагнуулын ерөнхий газраас дээрх яллагдагч нарыг сулласан. Эсвэл таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж байгаа эсэхийг тодруулахад, “Энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй” гэх хариултыг өглөө.
Хэрэв яллагдагч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, сулласан бол шүүхийн тоймыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нээлттэй мэдээлэх ёстой. Гэтэл одоог хүртэл З.Төрмандах, Я.Бямбадаржаа, Г.Гандалай нарын талаар мэдээлэл нийтлэгдээгүйгээс харвал тэднийг саатуулах, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж байж болзошгүй байна.
0 cэтгэгдэлтэй