Францын Ерөнхий сайд 26 хоноод огцорлоо

xpost 10-р сар 7

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны томилсон Ерөнхий сайд Себасьтян Лекорню огцрохоо албан ёсоор мэдэгдлээ. Лекорнюгийн огцрох хүсэлтийг Ерөнхийлөгч Макрон даваа гаргийн орой хүлээж авсан байна. Макрон улс төрийн хямралыг намжааж, үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжуулахад Лекорнюд энэ долоо хоногийн лхагва гараг хүртэл хугацаа өгсөн. Гэсэн ч Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн заасан хугацаанаас өмнө ийнхүү огцорлоо.

Лекорню сүүлийн хоёр жилийн хугацаан дахь Макроны сонгосон тав дахь Ерөнхий сайд, өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас хойш томилогдсон гурав дахь Ерөнхий сайд байсан юм.

Тэрээр хэдэн долоо хоногийн турш ажилласныхаа дараа өнгөрсөн ням гарагт Засгийн газрын шинэ танхимаа бүрдүүлсэн. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулснаас хойш хэдхэн цагийн дараа огцорлоо. Түүний бүрдүүлсэн Засгийн газар Франц улсын түүхэн дэх хамгийн богино настай Засгийн газар болж байна.

Францын парламентын гишүүд Лекорнюгийн томилсон Засгийн газрын бүрэлдэхүүнийг хурцаар шүүмжилсэн. Шинэ Засгийн газарт Францын зүүн болон барууны үзэлтэй намуудаас огт оролцуулаагүй байна.

Ням гарагт Лекорнюгийн томилсон 15 гишүүнтэй Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Макроны төвийг сахих үзэлтэй Сэргэн мандалтын намаас 10 хүнийг сайдаар томилсон байжээ. Энэ Макроны анх удаа Ерөнхийлөгч болоод 2017 онд бүрдүүлсэн анхны Засгийн газраас ч олон хүнийг Сэргэн мандалт намаас сайдад томилсон явдал болсон юм. Уг шийдвэрийн дараа Францын улс төрийн намууд, парламентын гишүүд дургүйцлээ илэрхийлж, санал хураалт явуулахаас ч татгалзаж эхэлсэн.

Лекорню огцрох шийдвэрээ танилцуулахдаа Францын улс төрийн намууд хэт хувийн ашиг сонирхлоо бодож байгааг шүүмжилсэн байна. Тэрээр нам эвслүүдтэй хэлэлцээр хийж зөвшилцөхөд бэлэн байсан ч намууд хэт өндөр эго гаргасны улмаас харилцан зөвшилцөж чадсангүй гэдгээ хэлжээ.

Намууд бүгд парламентад олонхийн суудалтай юм шиг намынхаа ашиг сонирхлыг хэт өндөрт тавьж байна гэж тэрээр шүүмжлээд байна.

Даваа гарагт өмнөх өдөр нь танилцуулсан Засгийн газар унаснаар Францын улс төрийн тогтворгүй байдал улам хүндэрлээ. Даваа гаргийн өглөө хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш буурсан үзүүлэлтийг харуулсан байна.

Францын эрх баригчид ирэх 2026 оны төсвийг ирэх долоо хоногт батлах ёстой. Гэвч үүссэн нөхцөл байдлаас харвал хугацаандаа амжиж төсвийн төслийг баталж чадахгүй байх гэсэн хүлээлт үүслээ. Хэрвээ төсвөө баталж чадахгүй удааширвал АНУ-д үүссэн нөхцөл байдалтай ижил Засгийн газрын үйл ажиллагаа бүрэн зогсож магадгүй юм. Гэхдээ тэр хүртэл хугацаа байна.

Ерөнхийлөгч Макрон цаашид ямар шийдвэр гаргахыг анхааралтай харцгааж байна. Францын намуудын зарим нь дахин ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Харин нөгөө хэсэг нь Ерөнхийлөгч Макроныг огцрохыг шаардаж байна. Макроны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусна. Бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрохгүй гэж Макрон өмнө нь мэдэгдэж байсан.