Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

xpost 10-р сар 10

Зам, тээврийн осол: Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд автомашинд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Asia Motors Granto” загварын ачааны автомашин автозамын хажуу руу доошоо харан унаж осолдож, зорчигч иргэн О /24 настай, эрэгтэй/ бүхээг дотроо автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж Нийслэлийн түргэн тусламжийн төвд, ослын газрыг Тээврийн цагдаагийн албанд тус тус хүлээлгэж өгсөн.

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн “Өндөр гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 151 км, сумын төвөөс зүүн урд зүгт 3 км/ автозамын хажуу руу суудлын автомашин унаж, хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Honda Insight” загварын суудлын автомашин автозамын хажуу руу доошоо харан унаж осолдсон байсныг ажиллаж автомашиныг татан босгосон. Иргэн Б /50 настай, эрэгтэй/-г сумын Эрүүл мэндийн төв рүү авч явсан байсан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн “Холбоо толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 5 км/ суудлын автомашин автозамын хажуу руу унаж осолдсон, түлш, тос асгараад байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 05:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Nissan Patrol” загварын суудлын автомашин автозамын хажуу унаж осолдсон байсныг ажиллаж, автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул үзлэг хийн үлдээж, иргэн Б /50 настай, эрэгтэй/, Н /47 настай, эрэгтэй/ нарыг аймгийн төвд тээвэрлэн авчирсан.