Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) болон Боловсрол, шинжлэх ухааны яам хэлэлцээрийн ширээний ард сууж, урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан “маргааш буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс улсын хэмжээнд хичээл эхэлнэ” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй.
Энэ талаар МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл дараах тайлбарыг өглөө.
“Багш нарын ажил хаялт үргэлжилж байна. Маргаашаас хичээл эхлэх шийдвэр гараагүй. Хоёр тал тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан ч одоо процессийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Тэр хариуг хүлээж байна” гэлээ.
Харин Боловсролын яамны зүгээс мөн тодруулахад,
“Хоёр тал хэлцэлд хүрч гарын үсэг зурсан. Үйлдвэрчний холбооноос заавал ГБХНХЯ-нд бүртгүүлж байж ажил хаялтаа зогсооно гэдгээ илэрхийлсэн” гэж мэдэгдэв.
Ийнхүү талууд урьдчилсан тохиролцоонд хүрсэн ч ажил хаялтыг зогсоох шийдвэрийг албан ёсоор бүртгүүлэх хүртэл багш нар ажил хаялтаа үргэлжлүүлэхээр байна.

3° C
3585.29
0 cэтгэгдэлтэй