Хол, ойрын замд гарахгүй байхыг АНХААРУУЛЖ байна

xpost 11-р сар 8

Өнөөдөр орсон их цасны улмаас зарим нутагт замын хөдөлгөөн саатах эрсдэл үүсээд байна. Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд болон Налайх-Тэрэлж чиглэлд давс цацах, хусах ажил хийгдлээ. Увс, Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж байна. Төв аймгийн зүүн, Сүхбаатар аймгийн баруун, Хэнтий аймгийн нутгаар цас орж, шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэг дээр тогтсон цасыг цэвэрлэх цас хайлуулах давс, элс хайрган хольц цацах ажил хийгдэж, замын хөдөлгөөнийг хянаж байна.

УБ-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 117-150 км-н зорчих хэсэг рүү цас шуурч тогтсон тул тус чиглэлд зорчиж байгаа жолооч, тээвэрчин та бүхэн хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг албаныхан анхаарууллаа. Өнөөдөр, маргааш цас үргэлжлэн орох тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойрын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас зөвлөлөө.