Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтийн амнаас эргээд CU сүлжээ дэлгүүрийн салбарын харалдаа замд 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 21:00 цагийн орчимд шатахуун тээвэрлэсэн том оврын автомашин осолдсон тухай дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 10 алба хаагч, хоёр автомашинтайгаар шуурхай ажилласан байна. Очиход хувийн эзэмшлийн Beiben North Benz ND-4250 загварын 42 мянган литр дизель түлш тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу унасан байжээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас энэ талаар тодруулахад “осолдсон тээврийн хэрэгслийн асгараагүй түлшийг “Hyundai Trago” загварын 40 мянган литрийн багтаамжтай автомашинд соруулах ажиллагааг хийсэн байна. Харин асгарсан 16 тонн дизель түлшийг дүүргийн хот тохижилт, зам цэвэрлэгээний компанийн ажилтнууд саармагжуулж, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байгаа” гэлээ.
Одоо эцсийн цэвэрлэгээ, нөхөн сэргээх ажил үргэлжилж байгаа аж. Аз болоход хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй талаар холбогдох албаныхан мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй