Нийслэлийн 9 дүүрэг дэх хүнсний 375 дэлгүүрээр өчигдрөөс нөөцийн махыг жижиглэн худалдаж эхэлсэн. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан УБЗАА-аас энэ жил нийт 5000 тонн мах нөөцөлсөн. Үүнээс 2000 гаруй тонн нь үхэр, 3000 тонн нь хонины мах. Үнийн хувьд хонины махыг 13.000 төгрөг, үхрийн махыг 15.000 төгрөгөөр борлуулж байна.
Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхлүүлсэн. Мөн үхрийн маханд нуруу, гуяны цул, хавирга, харин хонины маханд сүүл, хаа, булчин мах, гуяны цул зэргийг багтааж, савласан.
Түүнчлэн зарим иргэдийн дунд “Нөөцийн махыг зуны улиралд бэлтгээд, өвөл худалдаанд гаргадаг. Удаан хадгалсан мах муу” гэсэн ойлголт байдаг. Харин бид үйлдвэрийн аргаар, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг сонгон бэлтгэсэн. Эдгээр 9 аж ахуйн нэгж өнгөрсөн оны 11-12 дугаар сард бэлтгэсэн махаа өнөөдөр худалдаанд гаргаж байгаа. Хадгалах хугацаа, чанарын шаардлага бүрэн хангасан шинэ мах” гэлээ.

-13° C
3564.08
0 cэтгэгдэлтэй