Сарын 17 саяын цалинтай ХЯНАЛТ, БҮТЭЭМЖИЙН менежерүүд юу хийдэг вэ?

xpost 2-р сар 3

Хамтарсан Засгийн газрын хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудад хяналт тавьж, засаглалыг сайжруулж, бүтээмжийг дээшлүүлнэ гэх гоё ганган үг, уриа лоозонтой менежерүүдийг жил орчмын өмнө томилсон. Гэсэн ч Г.Занданшатарын Засгийн газар төрийн данхар бүтцийг халж, цомхон болгоно. Хяналт, бүтээмжийн менежерүүдийг цомхотгож нэг дэд сайдтай ажиллуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т томилогдсон хяналт, бүтээмжийн менежерүүдийг цомхотгох нь бүү хэл жолооч, туслах гэсэн бүтэц гаргуулан ажиллаж байна. Цаашлаад албан тушаалын нэрээ сольж өөр орон тоонд шилжин ажиллах болсон тухай ч тус үйлдвэрийн дотоод ажилчид ярьж байгаа юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус үйлдвэрт Ардчилсан намын гишүүн И.Мөнхжаргал тэргүүтэй хяналт, бүтээмж, цахим засаглал, ил тод байдал хариуцсан гээд 4,5-н хяналт, бүтээмжийн менежэр ажилласан. Харамсалтай нь ажлын үр дүн гаргаснуу гэх асуултад хариулах хүн алга.

Сүүлийн ганцхан сарын хугацаанд удаа дараа үйлдвэрийн ноцтой осол гарч хоёр хүн амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Ослын нөхцөл байдал, учир шалтгааныг тогтоохоор Орхон аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, хууль хяналтын байгууллагууд, Үйлдвэрийн газрын Гамшгаас хамгаалах штаб, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс шуурхай ажиллаж байгаа аж.

Мөн үйлдвэрийн хүний нөөцийн ажилтан, Орхон аймгийн иргийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг С.Юмэнхүү үйлдвэрийн ажилчид хавтгайран архиддаг, ажлын байран дээрээ орой үдэш хүртэл сууж ууж иддэг. Үйлдвэрийн ноцтой ослыг нуун дарагдуулж байна хэмээн шүгэл үлээлээ. Тэрээр энэ мэтээр шүүмжлэл хэлэхээр улс төрийн хувьд шахаж хавчдаг тухай ч хэлж байна.

Үйлдвэр дотор хавтгайран архидаж байхад, үйлдвэрийн ноцтой осол гарж байхад өнөөх хяналт тавих үүрэгтэй менежерүүд хаана байсан бэ? Хоёр халуун амь тэнгэрт дэвшчихээд байхад үзээгүй хараагүй сонсоогүй юу? Эсвэл сарын 17 сая төгрөгийн цалингаа алсын зайнаас авчхаад амаа хамхиад сууж байдаг уу.

Засгийн газар шийдвэрээ гаргаж Ерөнхий сайд үүрэг өгчхөөд байхад хянт бүтээмжийн менежерүүдээ цомхотгохгүй байгаа шалтгаан юу вэ? Г.Ёндон даргаа…

Үйлдвэрийн ноцтой ослоор хоёр амь тэнгэрт дэвшчихээд байхад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй юу?