Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг онцлон хүргэж байна.
-Хан-Уул дүүргийн прокурорын газраас С.Б нь 2025 оны 8 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч эмэгтэйг хардалтын улмаас зодож, амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохиролд 118.8 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэжээ.
-Нийслэлийн прокурорын газраас Х.Н нь 2020 онд нэр бүхий 7 хохирогч эмэгтэйг гадаад улсад өндөр цалинтай ажилд ажиллуулна гэж хуурч мэхлэн эдийн засгийн эмзэг байдлыг нь далимдуулан гадаад улсад аваачиж, нисэх онгоцны тасалбар, байрны төлбөр, хувцас худалдан авсан зардал зэргээр нь өрийн дарамтад оруулж, бусдад биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,2.3 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Х.Н-г 7 иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэм буруутайд тооцож, 5 жил, 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Х.Н-г Интерполоор гадаад улсад эрэн сурвалжилж, Казакстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчирсан зардалд 11 сая төгрөгийг түүнээс гаргуулж, цагдаагийн байгууллагад олгохоор шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуульд тодорхойлсноор “хүн худалдаалах” гэдэг нь “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлэх, тээвэрлэх, орогнуулах, дамжуулах, хүлээн авах үйлдлийг хэлнэ.

-7° C
3566.64
0 cэтгэгдэлтэй