Багахангай, Хан-Уул дүүргийн 3 сурагч тутмын 1 нь үе дээрэлхэлтэд өртдөг

xpost 1 цаг 19 минутын өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баярын захирамжийн дагуу Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахлан хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлэх суурь судалгааг нийслэлийн 8 дүүргийн ЕБ-ын 22 сургуулиас авсан судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Улмаар дээрх сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг холбогдох ажилтнууд хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.

ЕБС-ийн өсвөр насныхны үе тэнгийн дээрэлхэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой уг судалгааг сургуулийн нийгмийн ажилтан болон удирдлагуудтай хамтран түүврийн аргаар, цахим хэлбэрээр явуулсан бөгөөд найман дүүргийн 22 сургуулийн 8-10 дугаар ангийн 1093 сурагч, 213 эцэг, эх, асран хамгаалагч хамрагджээ. Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 71.9 хувь нь үе дээрэлхэлтийн талаар мэднэ, тодорхой хэмжээний ойлголттой гэж хариулсан байна. Үе тэнгийн дээрэлхэлтийг дүүргээр авч үзвэл Багахангай дүүрэг 35.7 хувь, Хан-Уул дүүрэг 33.1 хувь, Баянзүрх дүүрэг 30.6 хувь, Налайх дүүрэг 25 хувь, Баянгол дүүрэг 22.9 хувь, Сүхбаатар дүүрэг 20.9 хувь, Чингэлтэй дүүрэг 17.2 хувь, Сонгинохайрхан дүүрэг 15.2 хувь эзэлж байна. Товчхондоо Багахангай, Хан-Уул дүүргийн 3 сурагч тутмын 1 нь үе дээрэлхэлтэд өртдөг гэсэн дүн гарчээ. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчдаас давтамжийг тодруулахад сурагчдын гуравны хоёр нь 3 хүртэлх удаа гэж хариулжээ. Харин 22 сурагч буюу судалгаанд хамрагдсан 1093 сурагчийн 2% нь 10 болон түүнээс дээш удаа, тодруулбал байнга үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг байна…