Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровын урилгаар манай улсад айлчилж буй Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өчигдөр буюу зургадугаар сарын 10-ны өдөр төрийн ордонд хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хоёр улсын хил нэвтрэлттэй холбоотой иргэдийн эрх зүйн асуудлыг хөндөж, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр талууд санал солилцлоо.
Уулзалт найрсаг, дотно болсон бөгөөд хоёр улсын өмгөөлөгчдийн байгууллагын цаашдын хамтын ажиллагаанд УИХ-ын дэд дарга амжилт хүсээд “БНСУ-ын хууль сахиулах байгууллага, шүүх эрх мэдлийн тогтолцоо, үйл ажиллагааны зарчмыг сайн мэддэг.
БНСУ нь хүний эрхийг хамгаалах тал дээр арвин туршлагатай улс” гэдгийг онцлов. Түүнчлэн “Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Сөүлийн Өмгөөлөгчдийн Холбоотой харилцан туршлага судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажилд нь амжилт хүсье” гээд БНСУ-д очиж байсан үеийнхээ сонирхолтой дурсамжийг хуваалцав. Мөн тэрээр ирсэн зочдодоо хандан “Айлчлалаа амжилттай үргэлжлүүлж, олон зүйлийг үзэж, сайхан дурсамж бүтээгээрэй” гэлээ.
УИХ-ын дэд даргын уулзалтын дараа УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат хүрэлцэн ирсэн зочдыг мөн хүлээн авч уулзсан юм. Тэрээр 1990-ээд оноос 2019 оны хооронд өмгөөлөгчөөр ажиллаж байсан он жилээ дурсангаа “Өмгөөлөгчийн ажил маш чухал. Өмгөөлөгч хүн нийгэмд шударга ёс тогтооход ихээхэн үүрэгтэй” хэмээн эхэлсэн яриагаа өмгөөлөгчөөр ажиллаж байх үеийн сонирхолтой түүхээр үргэлжлүүлж, уур амьсгалыг илүү нээлттэй, халуун дулаан болгов.
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат “Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Сөүлийн Өмгөөлөгчдийн холбоод хамтын ажиллагааныхаа хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, мэргэжлийн холбоодын хувьд харилцан туршлага солилцох, хамтарсан судалгаа хийх нь чухал” гэдгийг онцолсон юм.
#МонголынӨмгөөлөгчдийнХолбоо

19° C
3592.73
0 cэтгэгдэлтэй