–НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 80 ХУВЬ ТҮЙМЭРТ ӨРТӨӨД 19 ХОНОГ ӨНГӨРЛӨӨ-
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт 2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр ой, хээрийн түймэр гараад даруй 19 хоног өнгөрлөө. Түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг гарч, урьдчилсан байдлаар нийт 528,765.5 га талбай түймэрт өртсөнөөс Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу тусгай хамгаалалттай газар нутгийн 79.8 хувь нь шатсан тухай мэдээлсэн.
Өчигдөр буюу 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг, онцгой байдлын байгууллагын удирдлага, Мобиком корпорацын төлөөлөл, хил хамгаалах байгууллагын удирдлага, Байгал орчны сайд, ХЗДХ-ийн сайд зэрэг төлөөллүүдийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Байгаль орчин сүйдсэн ноцтой асуудал үүслээ. Салбарын сайд, мэргэжлийн байгууллагууд юу хийв. Дархан цаазат газар нэвтрэх зөвшөөрлийг хэн анх олгосон бэ. Ямар зорилгоор нэвтрэв. Түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан бэ” хэмээн тодруулж, улмаар хариуцлага алдсан албан тушаалтнуудыг чөлөөлөх үүрэг өгч, буруутай хүмүүсээр хохирлыг нөхөн төлүүлэх, газар нутгаа нөхөн сэргээх чиглэл өгсөн юм.
-БООМТЫН ЗАХИРГААНААС ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООГҮЙ Ч БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА НЬ ЯПОН ЗАХИРАЛД ҮЙЛЧЛЭВ ҮҮ-
Уулзалтын дараа Түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсгийн ахлагч Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир мэдээлэхдээ “Байгаль орчны яамнаас болон Тусгай хамгаалалтын захиргаанаас нэвтрэх зөвшөөрөл аваагүй, хураамжаа төлөөгүй. Үүнийг Нөмрөгийн ДЦГ-ын Тусгай хамгаалалтын захиргааны дарга Наранбаатар хэлж байгаа. Тухайн ангиас зөвшөөрлөө авсан тухай ХХЕГ-ын газрын дарга Ж.Бямбасүрэн мэдээлсэн. Ер нь Тусгай хамгаалалтын газарт нэвтрэх зөвшөөрлийг Боомтын захиргаанаас авах байсан ч аваагүй. Тэр асуудал нь шалгагдах газраараа шалгагдаад явна” гэв.
Харин тухайн түймрийн талаар анх мэдээлсэн орон нутгийн сурвалжлагч Нөмрөгийн ДЦГ руу орохдоо ХХЕГ болон Тусгай хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөл авч нэвтэрсэн байна.
–НӨМРӨГИЙН ДЦГ РУУ НЭВТРЭХЭД ЯМАР ЯМАР БАЙГУУЛЛАГААС ЗӨВШӨӨРӨЛ АВДАГ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ-
Үүнээс үзэхэд тухайн Нөмрөгийн ДЦГ руу нэвтрэхэд ямар ямар байгууллагаас, ямар ямар зорилгоор, хэрхэн зөвшөөрөл авдаг эсэх нь тодорхойгүй. Бүгд өөр өөр төрийн байгууллагаас зөвшөөрөл авах байсан мэтээр мэдээлж буй төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйг харуулж байна. Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир ХХЕГ, Байгаль орчны яам, Тусгай хамгаалалтын захиргаа, Боомтын захиргаа зэрэг байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байсан. Тусгай хамгаалалтын газар руу нэвтрэх хураамжаа төлөөгүй машин нэвтэрсэн гэх мэдээлэл өгсөн. Гэвч эдгээр байгууллагуудаас Мобиком корпорац зөвхөн ХХЕГ-аас л зөвшөөрөл авчээ. Харин энэ талаар түймэр гарсныг анх мэдээлсэн орон нутгийн сурвалжлагч “Огт зөвшөөрөл аваагүй. Тул загас, зэрлэг гахай агнах зорилготой орсон. Зөвшөөрөл авсан юм бол бидэн шиг зөвшөөрлийнхөө зургийг олон нийтэд ил тавь. Аваагүй болохоор тавьж чадахгүй байна. Харин дараа нь нөхөөд авчих байх, мөнгөтэй байгууллага шүү дээ” хэмээн ярилцлагадаа дурдсан. Тэр нь ч хэлсэн ёсоор нь болж байх шиг байна.
–АЖЛЫН ӨДӨР, АЖЛЫН ЦАГААР СУМЫН ЭМНЭЛГИЙН ЭРХЛЭГЧ НЬ ТҮРГЭНИЙ МАШИНТАЙГАА ХУВИЙН ЭМЧ ХИЙСЭН ҮҮ-
Байгаль орчны сайдын мэдээлснээр Боомтын захиргаанаас зөвшөөрөл аваагүй гэдэг ч Мобиком корпорацын гурван машины нэгэнд Монгол Улсын боомтын захиргааны дарга Э.Гантулга, Боомтын захиргааны төлөөлөгч Ц.Насанхүү нар цуг явж байсныг ч иргэн мэдээлсэн. Бүр Халхгол сумын эмнэлгийн эрхлэгч Д.Даш түргэний машинтайгаа хувийн эмчийг нь хийгээд явж байсныг ярьсан байдаг.
Түймэр 2026 оны аравдугаар сарын 8-ны өдрийн 11:40 цагийн орчимд анх гарсан. Тухайн өдөр нь пүрэв гараг буюу ажлын өдөр. Ажлын өдөр, ажлын цагаар сумын түргэний тэрэг эмчтэйгээ Мобиком компанийн гүйцэтгэх захирал Ясухиро Очи буюу япон улсын иргэний хувийн эмчийг хийгээд, түргэний машинтайгаа дагаад явж байж.
-ХИЛИЙН АНГИЙН ЗАХИРАГЧ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ДАРГА БАЙГААГҮЙ УЧРААС ДАНГААРАА ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ-
Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн талаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулах даалгаврыг ХХЕГ-ын даргад өгсөн. ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн “Хил хамгаалах байгууллагын тухайн хэсэгт ажиллаж байсан хилийн ангид албан ёсны хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг үндэслэн хил хамгаалах байгууллага Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26.2.3, 30.2.3-т заасан зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэлээр хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл олгох эрхтэй байгууллага. Энэхүү эрхийнхээ хүрээнд тухайн хэсэгт ажилладаг ангийн захирагч зөвшөөрлийг олгосон. 2026 оны аравдугаар сарын 5-ны өдөр олгосон зөвшөөрөл байгаа. Мобиком компаниас гараар бичсэн хүсэлтийг гаргаж өгсөн. Тухайн үед Нөмрөгийн ДЦГ-ын захиргааны дарга урьдчилаад аравдугаар сарын 7-ны өдөр баримтат киноны зураг авалтаар явсан байсан учраас Дархан цаазтай газрын зөвшөөрлийг авах боломжгүй нөхцөл байдалд ангийн захирагч зөвшөөрөл олгосон мэдээллийг авсан” хэмээсэн юм.
Харин ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн мэдээлэхдээ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт хариуцлага алдсан этгээдүүдэд ёс зүйг хариуцлага хүлээлгэнэ гэв. Эх орны байгаль орчны үзэсгэлэнт газар, ховор ан амьтны өлгий нутаг, Тусгай хамгаалалттай дархан цаазат газрын 80 хувь шатчихсан. Ан амьтан нь дүрвэн зугтаасан асуудалд цалингийн 10-20 хувийг нь хасаад өнгөрөх асуудал мөн үү.

-6° C
3600.04
0 cэтгэгдэлтэй