Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын харьяа Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төв (CFSA) хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангах, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухааны судалгаа, хүнсний стандарт болон Кодексийн чиглэлээр хоёр талын техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ажлууд үргэлжилж байна.
БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын харьяа Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төвийн төлөөлөгчид энэ сарын 26-30-ны хооронд Монгол Улсад айлчилж байгаа юм. Өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох удирдлагууд БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, санамж бичгийн хэрэгжилтийг таван чиглэлээр урагшлуулах саналаа илэрхийлсэн. Улмаар хоёр талын мэргэжилтнүүд санамж бичгийг хэрэгжүүлэх техникийн төлөвлөгөө болон Кодексийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцсон. Өнөөдөр ХХААХҮЯ-наас Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, стандарт ба техникийн хамтын ажиллагааны оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад хүнсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төрийн байгууллага, лавлагаа болон шинжилгээний лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн зөвлөл, холбоо, хүнс үйлдвэрлэгч, олон улсын байгууллага, төслийн төлөөлөл 100 шахам хүн оролцож байна. Уулзалтаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ, стандартын талаарх танилцуулга, БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын стандартын тогтолцоо, ОУ-ын хамтын ажиллагаа, Монгол–Хятадын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны боломж, цаашдын чиглэл зэрэг хэд хэдэн асуудлаар танилцуулга илтгэлийг хэлэлцүүлж, оролцогч талуудын саналыг сонсоно.
Түүнчлэн дотоодын үйлдвэрлэгчид ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн болон чацарганы тосны бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна. Уулзалтыг нээж ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн хэлсэн үгэндээ “-Хүнсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа аль нэг байгууллагын бус, салбар дундын хамтын үүрэг болохыг тодотгож, энэхүү уулзалт, айлчлал нь манай яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төвийн хооронд 2026 оны зургаадугаар сарын 23-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байна. Уг санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв. Монгол Улсын Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг хэмээн үздэг. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийг эрүүл, аюулгүй, чанартай хүнсээр хангах, хяналтын тогтолцоог эрсдэлд суурилсан, урьдчилан сэргийлэх чиг баримжаатай болгох, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хүнсний стандартыг Кодексийн жишигт нийцүүлэх, эрсдэлийн үнэлгээний чадавхыг бэхжүүлэх, лабораторийн шинжилгээний үр дүнг шийдвэр гаргалтад үр нөлөөтэй ашиглах нь онцгой ач холбогдолтой.

-6° C
3600.04
0 cэтгэгдэлтэй