Дорнод аймгийн Баяндун сумаас сураггүй алга болсон иргэнийг өргөн бүрэлдэхүүнээр эрэн хайна

xpost 10-р сар 28

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багаас сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг түүний ар гэрийнхний хүсэлтээр аравдугаар сарын 19-ний өдрөөс түр зогсоогоод байсан юм.

Аймгийн Засаг дарга Ш.Ёл өнөөдрөөс эрэн хайх ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлэх үүрэг, чиглэлийг Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа П.Мөнхбаяр, Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Мягмардорж, Баяндун сумын Засаг дарга Х.Батбаатар, Баян-Уул сумын Засаг дарга М.Баттулга нарт өглөө. Мөн өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллах бөгөөд эрэн хайх ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, уялдаа холбоог сайжруулан ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатад үүрэг болголоо. Эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд хүн хүчний нөөцийг нэмэгдүүлж Баян-Уул сумын Онцгой комисс, үнэрч нохой болон дрон ашиглан хайх ажиллагааг өргөжүүлэхээр шийдвэрлэлээ. Аймаг, орон нутгийн зүгээс эрэн хайх ажиллагаанд шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг ханган ажиллах юм.