Дархад зоны их нүүдэл эхэллээ

xpost 2024-10-29

 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын иргэд хайнаг, сарлаг хөсөглөн олон даваа давж нүүдэллэсээр ирсэн нүүдэлчин монгол өв соёлыг тээж яваа ард түмэн юм.

Тус сумын 3, 4, 5-р багийн малчид өвлийг өнтэй давахын тулд цас их орж даваа хаагдахаас өмнө хайнагийнхаа нуруунд хоол хүнс, гэр орноо ачаалж, мал сүргээ туусаар өвөлжөөгөө зорьдог их нүүдэл эхэллээ.

Дархад зоны их нүүдэлд 600 гаруй айлын 100 гаруй мянган мал намрын дунд сараас эхлэн замдаа 10-12 удаа нүүж, бууж оторлон явсаар сар гаруйн дараа өвөлжөөндөө хүрдэг байна.

Дархадын их нүүдэл Хорьдол, Сарьдаг, Жиглэг, Уртраг, Жарын даваагаар, Баруун болон Зүүн Өлийн даваагаар давж  Арсайн гол дагаж бартаа ихтэй, эгц цавчим сарьдгуудаар хүрээлэгдсэн уулсын дээгүүр үргэлжилдэг.

Дархадын цэнхэр хотгорт хүйтний эрч чангарч заримдаа -50 хэмд хүрдэг, ихэнх хэсэг нь өндөр уул, нуруу, тайга, ой, мод эзэлдэг учраас тайгын нөхцөлд сайн тохирох уналга, ачилга хийх сарлаг, хайнагийг өсгөх нь түгээмэл болсон байна.