Зайсангийн хуучин гүүрийг нурааж шинээр барина

xpost 2024-10-30

Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн оноос Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны есдүгээр сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Тэгвэл хот чиглэлийн төмөр бетон гүүрний 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусч, 25.18 метртэй дам нурууны ажил 20%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тиймээс 2024 оны арваннэгдүгээр сарын 01-с хуучин гүүрний хөдөлгөөний хааж шинэ гүүрэнд хийгдсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэсний дараа хуучин гүүрийг буулгах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Ингэснээр хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барих аж. Зайсан чиглэлийн төмөр бетон гүүр нь хоногт 26 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай 225 метр урт. Харин зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаагүй. Ашиглалтын түвшин D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай байгаа гэдгийг албаныхан хэлсэн юм.