Боомоор өвчилсөн үхрийн махыг идсэн 11 иргэнээс хоёрынх нь бие муу байна

xpost 2024-11-12

Увс аймгийн Зүүнговь суманд боомын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Уг тохиолдол нь боомоор өвчилсөн үхрийг төхөөрөх явцдаа халдвар авсан болохыг Увс аймгийн ЗӨСТ-д хийсэн молекул биологийн /PCR/ шинжилгээгээр баталгаажуулсан байна.

Тухай иргэн одоогоор Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Түүнчлэн үхэр төхөөрч, махыг нь 11 иргэн хүнсэндээ хэрэглэсэн бөгөөд мах идсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал муу байгаа аж.

Тодруулбал, тухайн иргэдийн хувьд бие нь хөөх, хавагнах гээд боом өвчний анхны шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Одоогийн байдлаар өвчин бүртгэгдсэн газарт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, Зүүнговь сум руу мэргэжлийн баг явсан байна.

Боом өвчин нь арьс, тунгалгийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэст цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатиг буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.