О.Сэргэлэн: П.Батчулуун эмч зүрхэндээ 6 стэнд тавиулсан 33 хувийн ажиллагаатай

xpost 2025-03-19

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан Гавьяат эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэж гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул хүний эрүүл мэндийн төлөө ажилласан эгэл жирийн эмч Хорих 461-р анги руу хүргэгдсэн юм.

Тэгвэл өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МУ-ын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн “Эмч ч гэсэн хүн. Эмч хүн ч өвддөг. П.Батчулуун эмчийн бие өнөөдрийн байдлаар тун муу байгаа. Суурь өвчин ихтэй. 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлэг хийхээр хурал зарлаад эмнэлэгт байхад Батчулуун эмч гэнэт ухаан алдаж, зүрх зогссон.

Сэхээн амьдруулах үйл ажиллагаа явуулж, 10 гаруй минутын дараа сэргэсэн. Таван удаа зүрхний стент тавиулсны хамгийн сүүлчийнх нь хууль шүүхээр шалгагдаж эхэлсний дараа өнгөрсөн 2-р сард суулгуулсан. Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа.

Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байгаа. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна. ” гэв.

Мөн тэрбээр, “Элэг шилжүүлэн суулгасан багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад байж байна. Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан.

П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш нэг ч амьгүй донор гараагүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна.” гэв.