Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

xpost 3 цаг 42 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн дараах хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд, яам удирдаж байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо.

Дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцна. Тухайлбал, төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэл, татварын цогц реформ, цөлжилтийн эсрэг “COP-17” олон улсын хурлын зохион байгуулалт, “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилт, Оюутолгойн татварын асуудал, шатахууны хангамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл зэрэг тодорхой асуудал хариуцна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Засгийн газрын хуралдаанаас дараах хүмүүсийг;

1.    Содномдаржаагийн Даваасүрэнг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын;

2.    Гомбосүрэнгийн Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдын;

3.    Бат-Эрдэнийн Хуланг Сангийн дэд сайдын;

4.    Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын;

5.    Бэгзсүрэнгийн Энхтүвшинг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдын;

6.    Дашцэдэнгийн Баасандамбыг Батлан хамгаалахын дэд сайдын;

7.    Батбаярын Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдын;

8.    Доноровын Гантулга Боловсролын дэд сайдын;

9.    Баярсайханы Солонгоог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдын;

10. Гочоогийн Ганболдыг Зам, тээврийн дэд сайдын;

11. Ганзоригийн Дашнямыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдын;

12. Самбуугийн Энхболдыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдын;

13.  Баасансүрэнгийн Нямжавыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын;

14. Ганжавын Баярхүүг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдын;

15. Сугаржавын Далхаасүрэнг Эрчим хүчний дэд сайдын;

16. Ганбаатарын Номинг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд томиллоо.

Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагаж холбогдох бусад есөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн Ж.Энхбаяр мэдээлэл хийхдээ “Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн хүрээнд боловсруулсан энэ хуулийн төсөл нь бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулах зорилготой” гэдгийг онцоллоо.

Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл боломжийг арилгах, бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах зорилгоор Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.