МЗЭ -ийн XIX Их Чуулган болж, Удирдах зөвлөлийн даргаар МУИС ийн багш, дэд профессор, хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Д.Нямдорж сонгогдлоо

xpost 1-р сар 18

МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Д.НЯМДОРЖИЙГ СОНГОЛОО

МЗЭ-ИЙН XIX их чуулган 2026 оны нэгдүгээр сарын 16-нд “Чингис хаан” зочид буудлын “Хаан” танхимд боллоо. Их чуулганд оролцохоор МЗЭ-ийн 450 гишүүн мандат бичүүлснээс 360 нь хүрэлцэн ирэв.

Чингис хааны одонт- 1, Хөдөлмөрийн баатар- 2, Ардын уран зохиолч, Ардын багш- 3, Төрийн шагналт 3 зохиолч магнайлан оролцсон Их чуулганы хуралдааныг МЗЭ-ийн хамгийн ахмад гишүүн, өдгөө 100 насыг зооглож буй МЗЭ-ийн шагналт зохиолч, ахмад чекист Дамбын Цогт-Очир нээв.

Их чуулгандаа амжилт хүсэж, МЗЭ-ийн гишүүн Д.Ганболд Унгар улсаас, Б.Энхтуяа, Б.Болормаа нар Швед улсаас, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт “Тулга” клубынхан АНУ-ын Денвер хотоос тус тус мэндчилгээ дэвшүүлжээ.

Дараа нь чуулганд оролцогчид жамын томилолтоор тэнгэрт одсон номын садан нөхдөдөө хүндэтгэл илэрхийллээ.

МЗЭ-ийн дарга Б.Ичинхорлоо “4х4” мөрийн хөтөлбөрийнхөө тайланг тавилаа. Б.Ичинхорлоо дарга мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зүйл, заалт бүрээр хэрэгжилтийг нь тайлагнасан товхимол хэвлүүлж чуулганд оролцогчдод тараасан ба МЗЭ-д 2022- 2025 онд явуулсан бодлого, баримталсан зарчим, олсон амжилт, цаашид анхаарах асуудлыг теле нэвтрүүлэг хэлбэрээр тайлагнасан.

МЗЭ-ийн Хяналтын зөвлөлийн тайланд байгууллагын хөрөнгө, санхүүгийн байдал, гишүүдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хийсэн шалгалтуудын дүнг багтаасан байлаа. Тайлангуудтай холбогдуулан гишүүд санал, шүүмжлэлээ хэлсэн.

Их чуулганаас МЗЭ-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлж, редакцын засвар хийн батлахаар шийдвэрлэлээ.

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд
1. Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор П.Нямлхагва
2. МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Эрдэв
3. Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн, хэлбичгийн ухааны доктор Д.Ганболд
4. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир
5. Ардын уран зохиолч, хэлбичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар
6. МЗЭ-ийн шагналт яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор Д.Нямдорж нар нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдлөө.

Санал хураалтын дүн гарахад:
П.Нямлхагва- 57 /20.3%/
Х.Эрдэв- 5 /1,7%/
Ай.Төмөр-Очир- 6 /2.1%/
Ү.Хүрэлбаатар- 22 /7.8%/
Д.Ганболд- 56 /20%/
Д.Нямдорж -130 /46.4%/ санал авч, хүчингүй саналын хуудас 4 гарав.

МЗЭ-ийн дүрэмд зааснаар Их чуулганы хуралдаанд оролцогчдын олонхийн саналыг авч, Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон Д.Нямдоржид Монгол Улсын Гавьяат багш, утга зохиол судлаач Ч.Жачин МЗЭ-ийн тамгыг гардуулж, баяр хүргэлээ.

УЗ-ийн дарга Д.Нямдорж нэр дэвшин өрсөлдсөн нөхөд, чуулганы хуралдаанд оролцсон бүх хүнд талархлаа дэвшүүлээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, МЗЭ-г цаг үетэйгээ нийцсэн байгууллага болгож шинэчлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлснээр МЗЭ-ийн XIX их чуулган өндөрлөв.