Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталдаг байсан. Тэгвэл дээрх зохицуулалтыг 2023 онд Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газар батлахаар болсон юм. Үүнээс хойш өнгөрсөн оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газрын 121-р тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг шинэчлэн баталжээ.

Ингэснээр газартай холбоотой 27 хүсэлтийг газрын цахим систем болох www.egazar.gov.mn болон “egazar” аппликейшнээр хүлээн авч, холбогдох хуульд заасны дагуу өргөдлийн төрлөөс хамааран 1-15 хоногийн хугацаанд шийдвэрлэхээр зохицуулжээ. Харин иргэдийн зүгээс шийдвэрлэлтийн хугацаа уддаг бөгөөд 2024 онд явуулсан хүсэлт өдийг болтол шийдвэрлэгдээгүй, мөн вэбсайт нь гацдаг зэрэг асуудлыг хөндөгдсөн.

Тэгвэл газар эзэмших эрхээ шилжүүлэх, хугацаа сунгах зэрэг үйлчилгээнүүдийг цахим хуудсаараа хүлээж аван хуульд заасны дагуу 15 хоногт шийдвэрлэж байгаа аж. Харин газар өмчлөх хүсэлт нь төлөвлөгөөнд тусгагдаж баталгаажсан иргэдийн тухайд нэг сарын хугацаанд шийдвэрлэгдэх юм байна. Тэрчлэн шинээр хүсэлт илгээсэн хүмүүсийн хувьд холбогдох үе шатуудаар явсны дараа ирэх оны төлөвлөгөөнд орох юм. Ингэснээр шинээр газар эзэмших хүсэлтээ өгсөн иргэдийн хүсэлт төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд 2027 онд шийдвэрлэгдэх боломжтой аж.