Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ус, үерийн давтамж өссөний улмаас хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ үүсээд буй. Тиймээс “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд нийт 22 байрлалд далан, суваг байгуулна. Эхний ээлжинд Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байрлалд далан, суваг барих юм. Энэ хүрээнд үерийн хамгаалалтын 102.72 км урт далан, суваг байгуулж, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологи нэвтрүүлнэ. 40 км шугамыг сэргээн засах юм. Төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ. Тус төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулжээ.
Дараах есөн байрлалд төсөл хэрэгжинэ. Үүнд:
- Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж;
- Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын гүүр/;
- Дарь-Эхийн үерийн хамгаалалтын суваг;
- БЗД-ийн 11-р хорооны үерийн хамгаалалтын суваг /Ургах наран/;
- Хужирбулангийн үерийн хамгаалалтын суваг;
- Био-Сонгино-Туулын үерийн хамгаалалтын байгууламж;
- Тахилтын үерийн хамгаалалтын суваг;
- Толгойт гол, Зүүн салааны үерийн хамгаалалтын суваг;
- Борооны усны төв магистраль шугам /Зүүн бүс/
Төслийг хэрэгжүүлэхдээ доторлон шинэчлэх, хэсэгчлэн шинэчлэх, голчийг нэмэгдүүлж өргөтгөх аргыг хэрэглэнэ. Эдгээр арга нь нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулахгүйгээр дэд бүтцээ шинэчлэх мөн уламжлалт аргаас илүү өртөг хямд, цаг хугацаа бага шаарддаг гэдгээрээ давуу талтай. Мөн хотын өнгө үзэмж, эко системийг дэмжих зорилгоор 12 ам км ногоон байгууламж, усны нөөц зохицуулах дөрвөн цөөрөм байгуулна. Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм.

-19° C
3564.08
0 cэтгэгдэлтэй