Шинэ драгон терминалын урд агаарын чанарын үзүүлэлт харуулах цагийг байрлуулжээ

xpost 3-р сар 12

Шинэчлэл, инновацыг нэвтрүүлэгч Ай Ти Зон ХХК нь нийгмийн сайн сайхны хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ. Тухайлбал, цаасан хэрэглээг бууруулах, байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх дижитал шийдлүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ иргэдийн технологийн мэдлэгийг тэлэх чиглэлд идэвхтэй ажиллаж буй.
Мөн 2014 онд иргэдэд бодит цагийн мэдээлэл хүргэх зорилготойгоор “Clock Tower” төслийг санаачлан анхны цагт цамхгийг байгуулсан юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө уг төслийн хоёр дахь цагт цамхгийг “Шинэ Улаанбаатар Драгон Терминал”-ын урд талбайд шинээр байршуулжээ.
Энэ удаагийн нийтлэлээр “Clock Tower” төслийг танилцуулахын сацуу өмнөх цамхгаас юугаараа илүү давуу талтай болох, иргэдийн амьдралд ямар ач холбогдолтой талаар танилцуулж байна.

“CLOCK TOWER” ТӨСЛИЙН ТУХАЙ

Ай Ти Зон ХХК-ийн хэрэгжүүлсэн “Clock Tower” төслийн хүрээнд хамгийн анхны цагт цамхаг нь Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт буюу Central Tower барилгын урд баригдаж байсан билээ. Хотын төв хэсгээр гар утасгүй явж байх үед эсвэл утасны цэнэг дууссан, цагийн мэдээлэл авах боломжгүй нөхцөлд уг цамхгаар дамжуулан бодит цагийн мэдээлэл авах боломжтой.

Харин хэдхэн хоногийн өмнө байгуулагдаад буй цагт цамхаг нь архитектурын шийдэл болон мэдээллийн системийн хувьд сайжруулалт хийсэн, илүү боловсронгуй загвартай болжээ.

ШИНЭ ЦАГТ ЦАМХАГ НЬ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Цаг хугацаа + агаарын чанарын мэдээлэл

Уг цаг нь зөвхөн цаг заахаас гадна агаарын чанарын индекс (AQI), PM2.5 болон CO хийн түвшинг бодит цагт харуулж, иргэдэд орчны нөхцөл байдлын мэдээллийг шууд хүргэдэг ухаалаг шийдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, тухайн өдрийн агаарын чанар хэр цэвэр байгаа, амьсгалын замын эрүүл мэндэд эрсдэлтэй эсэхийг иргэд шууд харах боломжтой.

Байршил

Хоёр дахь удаагийн цагт цамхаг нь “Шинэ Улаанбаатар Драгон Терминал”-ын урд хэсэгт байрладаг бөгөөд энэ нь нийслэлийн хөл хөдөлгөөн хамгийн их төвлөрсөн бүсүүдийн нэг юм. Тус терминал нь тээвэр, худалдаа, үйлчилгээ хосолсон цогц байгууламж бөгөөд ойр орчимд нь хот хоорондын зорчигч тээврийн урсгал тасралтгүй үргэлжилдэг. Иймд хүн амын нягтаршил, хөдөлгөөн ихтэй бүсэд шинэ цагт цамхгийг байгуулсан нь иргэд, зорчигчдод тустай, оновчтой шийдэл болжээ.

АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН ХАРАХ ВЭ?

Цамхгийн дэлгэц дээр гарч буй PM үзүүлэлт нь тухайн үеийн нарийн ширхэгт тоосонцрын түвшинг илэрхийлдэг. Үзүүлэлт нь өнгөөр ялгагддаг ба ногоон, шар, улаан өнгөөр тухайн үеийн агаарын чанар ба эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг харуулж байгаа аж.

Ногоон өнгө – Агаар цэвэр, эрүүл мэндэд ямар ч эрсдэлгүй
Шар өнгө – Бага зэргийн эрсдэлтэй, тусгай анхаарал шаардлагатай хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй
Улаан өнгө – Агаарын чанар муу, бүх хүнд эрсдэлтэй гэх утгыг илэрхийлж байгаа юм.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Цагт цамхгийг дэлхийн улс орнууд хотынхоо дэд бүтцийн чухал хэсэг болгон ашигласаар байна.

Тухайлбал, Сөүл, Парис, Сан-Франциско зэрэг хотуудад түүхэн болон орчин үеийн шийдэл бүхий цагт цамхгуудыг олон нийтийн талбай, тээврийн буудал, хотын төв хэсгүүдэд байршуулсан байдаг. Эдгээр нь өдөр бүр олон мянган иргэн, жуулчдад цагийн мэдээллийг шуурхай хүргэхийн зэрэгцээ хотын архитектур, түүхэн өвийг илэрхийлсэн онцлох байгууламжийн нэг болжээ.