Цэцэрлэгийн барилгыг “БАРИЛГЫН ХОГООР” дүүргэж хүлээлгэж өгсөн компани хэний хамааралтэй вэ?

xpost 7-р сар 1

Хэнтий аймагт  1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлсэн талаар мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. Тодруулбал, Одоогоос 6 жилийн өмнө Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр Хэнтий аймгийн ЗДТГ болон Монгол дахь АНЭУ -ын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж бэлэглэхээр болсон. Тус цэцэрлэгийг “АТТА-ЧР констракшн” ХХК зургаан сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн бөгөөд 2020 оны 10 сарын 10-нд ийнхүү нээлтээ хийж байжээ.
Барилга ашиглалтад орсон эхний өвлөө л цан цохиж, дулаан алдаж байсан ба багшийн ширээн дээрх дэвтрийн цаас хийсэх хэмжээний дулаан алдалттай байсан. Сүүлдээ зүүн хойд талаасаа тоосго бутарч унаж, орой хэсгээсээ хагарч байгааг цэцэрлэгийн багш удирдлагууд удаа дараа гүйцэтгэгч компанид мэдэгдсэн ба компаниас 3 удаа ирж, сайжруулалт хийлээ гээд буцаж байж.
Цэцэрлэгийн удирдлагууд дулаан алдалттай, ажиллах нөхцөл боломж үнэхээр хэцүү байгааг аймаг орон нутгийн удирдлагуудад уйгагүй мэдэгдэж, хөөцөлдсөнөөр энэ жил аймгийн ОНХС-аас 523 сая төгрөгийг тус цэцэрлэгийн дулаалга, гадна пасад, цонхыг шинэчлэхээр ийнхүү хуучин пасадаа хуулаад буй дүр зураг нь энэ юм.
Тэгвэл “АТТА-ЧР констракшн” ХХК гэж чухам хэний хамааралтай ямар компани вэ? гэдгийг судаллаа. 
Нээлттэй мэдээллийн сангаас харахад “АТТА-ЧР констракшн” ХХК, “АТТАЧР” ХХК гэсэн ижил нэртэй хоёр хуулийн этгээд байна. “АТТА-ЧР констракшн” ХХК-ийн тухайд 2025 оны аравдугаар сард үүсгэн байгуулагдсан, гадаад худалдаа гэсэн ганц үйл ажиллагааны чиглэлтэй, 12 хувь эзэмшигчтэй, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 3-р хороо, Мебел 12-3 гэсэн хаягт байрладаг. Гүйцэтгэх захирлаар Чинбаатарын Алтантоль гэх хүн ажилладаг байна. Харин оролцсон тендерийн тухайд ямар нэгэн мэдээлэл олдсонгүй.
 
Тэгвэл ижил төсөөтэй буюу “АТТАЧР” ХХК нь барилгын тусгай зөвшөөрөлтэй, нийслэлийн болон орон нутгийн 60 орчим тендерт оролцож байсан түүхтэй компани байна. Орон нутаг болон, нийслэлийн хэд хэдэн дүүрэгт цэцэрлэгийн барилга, их засварын ажлыг гүйцэтгэж байж. Эцсийн өмчлөгчөөр нь Сумъяабазарын Пүрэвдорж гэж хүн бүртгэлтэй. Улаанбаатар хотод мөн орон сууцны төслүүд хэрэгжүүлж байгаа юм байна. Сумъяабазарын Пүрэвдорж нь мөн гадаадын хөрөнгө оруулалттай “Ийст рөүд бридж групп”-д хувь эзэмшиж байсан.
 
Зургаан сарын хугацаанд 100 ортой цэцэрлэгийн барилгыг барихдаа ханыг нь барилгын хогоор дүүргэсэн байж болзошгүй уг компани чухам хэний хамааралтай болоод уг ажлыг авсан, шаардлага хангаагүй барилгаа хэрхэн улсын комисст хүлээлгэн өгсөн бэ? гэдэг асуулт сонирхол татна. Бид цаашид тухайн компанийн эзэмшигч болон холбоо хамаарлын талаар эргэн мэдээлэх болно.