Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд АТГ нэгжлэг хийжээ

xpost 9-р сар 11

Х.Нямбаатарын үед нийслэлд хэрэгжиж эхэлсэн 24 мега төслийн санхүүжилт, гүйцэтгэлд хяналт шалгалт хийхээр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан тусгай ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж буй.

Энэ хүрээнд Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай эхнэрийнхээ хамаарал бүхий компанийн дансаар 6.6 тэрбум төгрөг шилжүүлсэн, улмаар мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдон цагдан хоригдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр, Х.Нямбаатарын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярын гэр болон ажлын байранд өчигдөр АТГ-аас нэгжлэг хийжээ.

Улмаар Л.Хосбаярыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.

Тус зүйлд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

Л.Хосбаяр нь өдгөө НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд үүний зэрэгцээ Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байна.