А.Намсамандын шидсэн эзэнгүй тоосгоны эзэн Н.Номтойбаяр

xpost Лхагва гараг

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хууль бус ажиллагаа болон хууль бус шийдвэр гаргалтын талаар шүгэл үлээж хэвлэлийн бага хурал хийсэн. 

Тэрбээр уг хурлын үеэр “Би хэн нэгэн сайдад, хууль бус үүргийг чинь биелүүлнэ гэж тангараг өргөөгүй. Би Монгол Улсын хуулийг биелүүлнэ гэж монгол төрийн өмнө тангараг өргөсөн, төрийн дээд цолтой, төрийн тусгай алба хаагч гэдгийг онцлон хэлмээр байна. С.Амарсайхан сайд хууль бус томилгоо хийхийг шаарддаг. Хэлсэн үүрэг даалгаврыг нь биелүүлээгүйн төлөө төрийн албан хаагчдыг дарамталдаг. ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани 4 сая гаруй ам.долларын төлбөртэй. Дахиад танхимынх нь сайдын 53 тэрбум төгрөгийн материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа. Дээрх материалд хууль журмынхаа дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэхээр хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг” гэх зэрэг ноцтой мэдэгдлүүдийг хийсэн. Уг мэдэгдлийн маргааш сайд С.Амарсайхан нэр бүхий генералуудын нэрийг дурдаад улс төрчид болон хуулийнхны угсарсан бүлэглэл бий үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна гэсэн боловч өнөөдөр түүнийг сайдын албан тушаалаас нь чөлөөллөө.

Тэдний өрдсөн гар хэн хэнийг нь суудлаасаа буухад хүргэлээ.

Харин энэ дунд Генерал А.Намсамандын эзэнгүй үлдээсэн нэг тоосго бий. Тодруулбал, тэрээр мэдэгдэлдээ “Дахиад танхимынх нь сайдын 53 тэрбум төгрөгийн материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа, ажиллагаа хийлгэдэггүй дарамталдаг” гэж хэлсэн. Тэгвэл тэр эзэнгүй тоосго нь шадар сайд Н.Номтойбаярыг чиглэсэн бололтой.

Н.Номтойбаяр зүгээр ч нэр С.Амарсайханы өмнүүр орж үсэрч гарч ирээд өмөлзөөгүй бололтой.

Түүний хамаарал бүхий “Монголын алт” ХХК-д холбогдох хэргийн дээд шүүхийн тогтоол гарсан. Герман улсын Арбитрын институтийн шийдвэртэй Дани улсын нийтийн өмчит “И” компанийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг дээд шүүх эцэслэсэн. Дээд шүүхийн тогтоолд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасан хуулийг “М” ХХК-д ашигтай байдлаар бодит байдал дээр хоёр өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан дараах үйл баримтаар тогтоогддог” тухай ч дурдсан байна.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр унших: https://shuukh.mn/single_case/11056?daterange=2026-01-01%20-%202026-06-02&id=3&court_cat=1&bb=1

Нэг талаас гадаад валютын ханшийн зөрүүн дээр маргасан маргаан мэт боловч нөгөө талдаа Монгол улсаас санхүүжүүлсэн, гадаадын зээл, тусламж. Бусдын боломжийг хуу хамдаг гэр бүлийн нэг тансаглал. Гадаадын хөрөнгө оруулагчдаа татаж унагааж хөнгөхөөн залилдагийн бас нэг жишээ. Доллараар авсан зээлээ төгрөгөөр төлнө гэж гүрийгээд хоорондоо шүүхдэлцээд эцэст нь хэдэн жилээр шүүхийн шийдвэр дээр хэргээ бариулж байгаа бохир технологи.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ерөнхий сайд нэр дурдагдсан, мэдээлэл хийсэн бүх албан тушаалтанг чөлөөлж шалгана гэсэн. Шадар сайд Н.Номтойбаярыг ч мөн шалгах шаардлагатай болох нь …