Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдалтай танилцав.
Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал тус төвийн үйл ажиллагааг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хот хөгжихөд нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах хамгийн чухал асуудал. Налайх дүүргийн хувьд засаг захиргааны 8 хороотой, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бүхий аялал жуулчлалын бүс газар. Налайх Эрүүл мэндийн төвөөр 10 мянга гаруй өрхийн 390 орчим мянган иргэн, мөн Тэрэлжид аялж буй гадаад, дотоодын олон жуулчин, аялагч үйлчлүүлдэг хотын нүүр царай болохуйц эмнэлэг. 100 жилийн түүхтэй энэхүү эмнэлгийн ариутгал, угаалгын хэсгийн засвар шинэчлэлийг хийж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдье. Туулах чадвар сайтай хоёр автомашины асуудлыг төсөвт суулгасан. Дулааны 90 метр шугам сүлжээ солих санхүүжилт, хоёр унтуулгын аппаратыг судал. Дотрын тасгийн шинэчлэл, диализын аппарат гээд өөр бусад асуудалд ч анхааръя. Өвөл эмнэлгийн байгууллагын ачааллыг тэнцвэржүүлж, тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгахад хотын дарга, Эрүүл мэндийн сайд анхаарч ажиллаж байна” гэв.
Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг харилцаа, хандлагаа сайжруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлье гэж уриаллаа.
Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аяны хүрээнд 9800 вакцин хийнэ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг вакцинд шуурхай хамруулж, өнөөдрийн байдлаар 0-6 настай хүүхдүүдийн хамрагдалт 52 хувь, Налайх дүүргийн хэмжээнд вакцинд хамрагдалт 50 хувьтай үргэлжилж байна” хэмээв.
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр алслагдсан дүүрэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан, төрийн албан хаагчдад ипотекийн зээл олгох, орон сууцны дэмжлэг хүрэлцээгүй байгаа учир энэ тал дээр дэмжлэг үзүүлж, уламжилж өгөхийг хүслээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үргэлжлүүлэн Налайх дүүргийн 2, 5 дугаар хорооны орон сууцнуудын фасад засварын ажилтай танилцаж, засвар шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлж, байрнууд дунд хүүхдийн тоглоомын талбай барих асуудлыг шийдвэрлэнэ гэв.
Түүнчлэн Улаанбаатар–Өндөрхаан чиглэлийн А0501 дугаартай авто замын төлбөр авах цэг буюу Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах постыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авахаар боллоо.

7° C
3595.64
0 cэтгэгдэлтэй