“Чөлөөлье” бодлогын хүрээнд зөвшөөрлийн зөвлөл хуралдлаа

xpost 7 цаг 10 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн шаардлагагүй зохицуулалт, шат дамжлага, хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэх орчныг хөнгөвчлөх зорилгоор шинэчлэгдсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах Зөвшөөрлийн зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр /2026.09.24/ бүрэн ирцтэй зохион байгуулагдлаа.
Зөвлөлийн анхны хуралдааныг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Зөвшөөрлийн зөвлөлийн дарга Ж.Энхбаяр нээж, зөвшөөрлийн шинэчлэлийн үр дүнг зөвхөн хууль, системийн өөрчлөлтөөр бус, бизнес эрхлэгчийн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд зарцуулдаг хугацаа, зардал, шат дамжлага, чирэгдэл бодитоор буурсан эсэхээр хэмжих шаардлагатайг онцоллоо. Мөн шаардлагагүй зөвшөөрлийг үе шаттай цөөлөхийн зэрэгцээ өндөр эрсдэлтэй үйл ажиллагаанд тавих төрийн хяналт, хариуцлагыг үр нөлөөтэй хэвээр хадгалах нь шинэ тогтолцооны үндсэн зарчим болохыг тэмдэглэв.
Хуралдаанаар Зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-аас хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийсэн хяналт-шинжилгээний дүн, мэдээллийн зөрүү, үндэслэлгүй буцаагдсан хүсэлт, зөвшөөрөл, мэдэгдлийн системийн нэвтрүүлэлт болон холбогдох мэдээллийн системүүдийн интеграцийн бодит нөхцөл байдлыг танилцуулж, гишүүдийн асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.