ГХЯ, ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Цагдаагийн Ерөнхий Газрын (ЦЕГ) Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Хэвлэл мэдээллийн төв)-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг: Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын иргэд гадаад улсад зорчихдоо өртөж хохирч байгаа гэмт хэрэг, зөрчлийг зарим тодорхой жишээн дээр мэдээлэл хүргэе.
Нэгдүгээрт, хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой иргэд дулаан оронд амрах, байгууллага хамт олноороо зорчих хэрэгцээ шаардлагыг үндэслэн залилах гэмт этгээдүүд монгол иргэдийг хохироож байгаа, урьдчилгаа төлбөр авч байгаа, дээрх тохиолдлуудад залилах гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд гарч байна. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын 6 иргэн Вьетнам улсын Фукок аралд амрах зорилгоор MGL Fukok нэртэй цахим хуудсаар харилцан урьдчилгаа 19 сая төгрөг шилжүүлэн залуулсан. Иргэний гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Урьдчилгаа төлбөр авсан аялах иргэдийг аялалд гарахад тухайн очих газарт нь захиалга хийгээгүй, захиалгыг цуцлах, тухайн аяллын группт иргэдэд янз бүрийн үзвэр үйлчилгээ санал болгож залилдаг тохиолдлууд мөн бүртгэгдэж байгаа. Иймд гадаад улсад зорчих гэж байгаа иргэд баталгаат үйлчилгээг сайтар судалж үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хоёрдугаарт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас цагдаагийн байгууллагад албан бичиг ирүүлсэн. Монгол Улсын иргэд санаатай болон санамсаргүй үйлдлээр галт зэвсэг, сум хэрэгсэл хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхийг хүссэн. БНХАУ-д иргэд нь галт зэвсэг эзэмшихийг хуулиар хориглодог. Энэ төрлийн хууль тогтоомжийн хяналт өндөртэй. Хүлээлгэх хариуцлага өндөртэй. Бүх насаар нь хорих ял эдлүүлэх, цаазын ял оноох хүртэлх санкцтай. Тэгэхээр иргэд аяллаар зорчихдоо санаатай, санамсаргүй хэлбэрээр галт зэвсэг, сум, түүний дагалдах хэрэгсэл байгаа эсэхийг анхаараарай. Бусдын дайвар ачааг шалгахгүй, нягтлахгүй авч явахгүй байхыг анхааруулж байна. Танихгүй хүний ачаа тээврийг хил дамнуулан зөөвөрлөхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гуравдугаарт, өнгөрсөн есдүгээр сараас эхлээд ОХУ-ын зэвсэгт хүчинд нэгдээрэй, өндөр цалин амлаж байна, 1-108 сая төгрөгийн цалинтай гэх мэт зар мэдээллүүд монголын цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хоёр гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг бүртгэн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад нэг гомдолд холбогдох гурван иргэнийг ОХУ-д зорчих зорилготой, улсын хилээр зорчих үед нь саатуулж, дээрх үйлдлээс татгалзуулсан. Гомдол шалгалтын шатанд явж байна. Хоёр дахь гомдолд холбогдох иргэн Монгол Улсын хилээр энэ сарын 8-ны өдөр Улаан-Үдээс ОХУ-ын Эрхүү хотод шууд хүрэх нислэгээр гарсан болох нь тогтоогдсон. Тухайн хэрэг шалгалтын шатандаа явж байна. Иргэний байршлыг тогтоох, эргүүлэн авчрах ажлыг ГХЯ-тай хамтран зохион байгуулж байна. Одоогийн байдлаар энэ төрлийн зар мэдээг байршуулж буй 9 хаягийг олж, устгасан. Цаашид энэ төрлийн зар нийтэлж буй хаягуудыг мөн илрүүлсэн тохиолдолд устгуулах арга хэмжээг аваад явна.
ГХЯ: Гадаад харилцааны яамны консулын газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 18, 21-ний өдрүүдэд нийт Монгол Улсын 8 иргэнийг ОХУ-д цалин өндөртэй ажилд зуучилна хэмээн хууран мэхэлж цэргийн үйл ажиллагаанд татан оролцуулсан, хохирсон, холбогдсон байгааг олж илрүүлсэн. Эдгээр иргэдийг нутагт нь буцаасан. Өнөөдрийн байдлаар нэг иргэнээ ОХУ-аас нутаг буцаах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнээс гадна дахин 6 иргэн байгаа гэсэн албан ёсны мэдээлэл ГХЯ-нд ирсэн.

-9° C
3609.29
0 cэтгэгдэлтэй