Умард Солонгосын цэргүүд Курск мужид нэвтэрчээ

xpost 2024 оны 10-р сар 29

Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-аас Умард Солонгосын цэргүүд Оросын Курск мужид нэвтэрснийг даваа гарагт мэдэгдлээ. Энэ оны наймдугаар сард Украины арми Курск мужид томоохон дайралт хийснээс хойш энэ хэсэгт цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж буй юм.

НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте “Умард Солонгос “Оросын хууль бус дайн”-д оролцсон нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж, мөргөлдөөнийг улам хурцатгаж байна” гэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн Умард Солонгос цэргүүдээ ОХУ-д нэвтрүүлснийг “аюултай” хэмээн мэдэгдсэн.

Даваа гаргийн өглөө Пентагоноос Умард Солонгосыг 10 мянга орчим цэргээ ОХУ-д бэлтгэж байгаа гэсэн юм.

Энэ талаар Украины Гадаад хэргийн сайд “Киевээс хэдэн долоо хоногийн турш Умард Солонгосын цэргийн асуудлаар анхааруулж байсан ч холбоотнуудаас тодорхой арга хэмжээ аваагүй.

Харин одоо НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга үүнийг баталлаа. Нэгдүгээрт Украиныг сонсож байх хэрэгтэй.

Хоёрдугаарт ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглаж болох алсын тусгалт зэвсгийн хязгаарлалтыг цуцлах хэрэгтэй” хэмээн цахим сүлжээнд нийтэлжээ.