Гадаадын иргэн харьяатын газар өнгөрөгч есдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалт явуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа эрхэлж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан найман орны 260 иргэнийг албадан гаргажээ.
Тодруулбал, Узбекистаны 6, ОХУ-ын 4, Филиппиний 4, БНСУ-ын 2, Энэтхэгийн 1, Туркийн 1, БНХАУ-ын 242 иргэн Монгол Улсад аяллын буюу жуулчин ангиллын визээр орж ирээд барилга, зам, гүүрний ажил эрхэлж байсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон байна.
Улмаар эдгээр иргэдэд хууль, тогтоомжийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, албадан гаргасан байна. Мөн гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан аж ахуйн нэгж, байгууллагуудад торгууль ногдуулж, холбогдох албан шаардлага хүргүүллээ хэмээн Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд виз, зөвшөөрлийн үйл ажиллагаа бүрэн цахимжисанаас үүдэж жуулчлах зорилгоор виз авсан иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил нэмэгдээд буй аж. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэд 86.6 хувиар нэмэгдсэн бол албадан гаргагдсан гадаадын иргэд 2.2 дахин өсжээ.
Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхаарууллаа.

-7° C
3588.75
0 cэтгэгдэлтэй