Ли Жан Хуа: Хуулийнхан бидний талд гэж сүрдүүлж байна

xpost Мягмар гараг

БНХАУ-ын “Мен дун энержи” компанийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” компанийн “Төхөм” уурхайд хөрөнгө оруулалт хийж хохирсон талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “2017 онд бид Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах Төхөм уурхайтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн үеэс хойш бидний хийсэн нийт хөрөнгө оруулалт 51 тэрбум төгрөгийг давсан. Гэрээний дагуу олборлолт, тээвэрлэлт, зам тавилт гээд бүхий л үйл ажиллагааны зардлыг манай компани хариуцаж, харин үүний хөлсөнд тус уурхайгаас 52 хувийн хувьцааг бидэнд шилжүүлэх нөхцөлтэй байсан.
Бид гэрээнд заасан бүх хөрөнгө оруулалтаа бүрэн хийж дуусгасан. Гэтэл өнөөдрийг хүртэл биднийг хөрөнгө оруулагчийн хувиар ажилд оролцуулахгүй, 52 хувийнхаа хувьцааг ч шилжүүлээгүй хэвээр байна. Иймд бид хууль, шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй болсон.
Гэхдээ хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байхад эсрэг талынхан удаа дараа биднийг дарамталж, ажлын байран дээр ирж сүрдүүлэн, хүч хэрэглэсэн үйлдлүүд гаргасаар байгаа нь үнэхээр хэцүү байна. Бизнесийн үйл ажиллагаа зогсохоос гадна миний хувийн аюулгүй байдалд заналхийлж, нэр хүндэд минь халдаж байна. Үүнээс үүдэн би өөрийн байр сууриа олон нийтэд ил тод хэлэх шаардлагатай гэж үзсэн.
Бид маргаанаа зөвшилцөж шийдвэрлэхээр уулзалт хийхийг оролдсон. Гэтэл энэ уулзалтын үеэр Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар “Та нар казино тоглоод алдсан гэж бод. Хууль шүүхэд хандаад ч нэмэргүй, бүгд манай талд байгаа” гэх мэтээр хэлж биднийг илт доромжилж, уулзалтаас хөөж явуулсан.
Эсрэг талын компани болох Олгой булаг компанийн гүйцэтгэх захирал нь Д.Эрдэнэ, хувьцаа эзэмшигчид нь Д.Баатар, Д.Даваадэмбэрэл, Гомборагчаа, Б.Батбилэг гэх хүмүүс бий. Тэд гэрээнд заасан үүргээ биелүүлэхийн оронд биднийг оролцуулахгүйгээр дур мэдэн гуравдагч компанитай шинэ гэрээ байгуулж, олборлолт хийж эхэлсэн. Ингэснээр анхны гэрээ шууд зөрчигдөж, өнөөгийн маргаан эхэлсэн юм” гэлээ.