“Physical: Asia”-д оролцсон Монголын багийг МҮОХ-ны “Алтан од”-оор шагнажээ

xpost 1-р сар 21

Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ Нэтфликсээс зохион байгуулсан “Physical: Asia” шоунд Азийн долоон улсын баг тамирчидтай хүч чадал, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж дэд байрт шалгарсан Монголын багийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнажээ.

Шагналыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулсан байна. Шагнал гардуулах ёслолын үеэр манай баг тамирчдыг “Physical: Asia” шоунд  гаргасан амжилт, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаагаараа олон улсын түвшинд Монгол Улсын спортын хөгжил, тамирчдын ур чадварыг таниулж чадсаныг онцлон тэмдэглэв.  Мөн бие бялдар, тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадвараараа онцгой амжилт үзүүлж, цаашид олон улсын спортын тавцанд илүү өндөр амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг харуулсныг шагнал гардуулах үеэр дурджээ.

“Алтан од” одон нь спорт, олимпизмыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан, олимпын наадмаас медаль хүртсэн, эх орноо дэлхийд сурталчлан таниулсан хүмүүст олгодог хүндэт шагнал юм.