Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-д ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ үеэр тэрээр, “Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа, ямар нэгэн доголдолгүй ажиллаж чадвал бид Оросоос нэмж эрчим хүн авахгүй байх бүрэн боломжтой. Саяхан IV цахилгаан станцад гэмтэл гарч тог хязгаарлахад хүрсэн. Тиймээс Бөөрөлжүүтийн цахилгаан станц эрчим хүчний хязгаарлалтыг бууруулж, салбарын тогтвортой ажиллагааг хангахад хувь нэмрээ оруулж буйг харж байна. Цаашид нүүрсний хөлдөлтийн асуудлаа бүрэн шийдвэрлэж, ямар нэгэн алдаа гаргалгүй ажиллах шаардлагатай. Оросоос бид эрчим хүч нэмж авахад асуудал байхгүй, тэд нийлүүлэхэд бэлэн. Гэхдээ Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал тэгэх шаардлагагүй болно. Энд ирсэн шалтгаан маань энэ. Бид цахилгаан эрчим хүчээ найдвартай үйлдвэрлэж, цаашид ямар нэгэн хязгаарлалтгүй болгох шаардлагатай. Өвлийн хүйтнээр ард иргэдээ зутрааж болохгүй” гэв.

Харин “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр, “Сая Бөөрөлжүүтийн талд -49 градус хүртэл онцгой хүйтэн өдөр тохиосон. Үүн дээр станцын нүүрс дамжлагын бункер бөглөрсөн, нүүрс хөлдөлтийн асуудал гарсан бөгөөд бид шуурхай баг гаргаж даруй шийдвэрлэсэн. Цаашид ийм асуудал гарахгүй. Одоо бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нэг, хоёрдугаар блок бүрэн хүчин чадлаараа ажиллаж 300 МВт-ын эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Үйл ажиллагаа жигдэрсэн. Цаашид бүрэн хүчин чадлаараа ажиллана. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард гурав, дөрөв дүгээр блокийн барилга, угсралтын ажлыг эхлүүлсэн. Суурийн ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан. Гуравдугаар блокийг ирэх онд, дөрөвдүгээр блокыг 2028 онд ашиглалтад оруулж бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн нүүрсний хангамжаа бид өөрсдөө бүрэн шийдсэн” гэлээ.

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт баригдсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 онд, дараагийн блокийг өнгөрсөн онд ашиглалтад оруулж, төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон билээ. Өдгөө тус станц нь 300 МВт-ын хүчин чадлаар бүрэн ажиллаж нэг сая орчим айл өрхийн хэрэглээтэй дүйцэхүйц цахилгаан эрчим хүчийг нийлүүлж, эрчим хүчний салбарын тогтвортой үйл ажиллагааг хангахад бодит хувь нэмрээ оруулж байна.