Ж.Энхбаяр: Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр хуралдаж үнэ өсгөх эсэхийг эцэслэн шийднэ

xpost 1 цаг 56 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий зөвлөл байгуулсан.

Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллахаар болжээ. Тэгвэл Ойрх дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн эдийн засаг далай, далайн эргийн бүс нутаг дээр тогтож байна. Хүн амын 80 хувь нь далайн эргээс 100 км-т амьдарч байна. Дэлхийн худалдааны 80 гаруй хувь мөн л далайн тээврээр явагдаж байна. Балтийн тэнгис, Хар тэнгист үүсэж буй Орос, Украины асуудлыг та бүхэн мэдэж байгаа. Суэцийн суваг, Улаан тэнгис, Персийн буланд Ойрх Дорнодод болж буй хямралдаант үйл явдал болж байна. Малаккийн хоолой, Тайваны хоолой дагасан бүс бол дэлхийн эдийн засаг худалдааны томоохон бүс. Мөн энд бас хямралт зөрчилдөөнд нөхцөл байдлын шинж тэмдэг хурц болж эхэллээ. Болж буй үйл явдлыг гуравдугаар сарын 1-нээс тасралтгүй ажиглаж, Монгол Улсад нөлөөлөх нөлөөллийг тасралтгүй судалж байгаа.

Өнөөдрийн санаа зовсон гол асуудал бол эрчим хүчний гол дэд бүтцүүдэд харилцан цохилт хийж, энэ нь эрчимжиж буй явдал. Дэлхийн нефтийн зах зээлд анх удаа хамгийн том нийлүүлэлтийн шок үүсэж эхлэх нь ээ. Боловсруулах үйлдвэрүүд гэмтэл авснаар дахин сэргэхэд 4-5 жилийн хугацаа шаардагдах төдийгүй дэлхийн зах зээлд шатахууны хомсдол үүсэж эхэллээ. Энхтайван өнөөдөр тогтлоо ч эргэж хэвийн болоход 4-5 сар шаардагдах учраас дунд хугацаандаа шатахуунтай холбоотой нийлүүлэлтийн эрсдэл өндөр байх нь ээ.

Мөргөлдөөн улам ужгирсаар байвал 2026 турш үргэлжлэх нөхцөл байдал руу орж, Монгол Улсын эдийн засагт эрсдэл учрах, төсөв санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц эрсдэл ирэх магадлалтай. Тиймээс үндэсний эдийн засаг, зах зээлээ хамгаалах үүднээс маргаашийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох хууль эрхзүй болон бусад арга хэмжээг авч хэлэлцэхээр бэлдэж байна.

Ормузын хоолойгоор явдаг тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 103 ам.долларт хүрлээ. Өдөрт 100 явдаг байсан дамжин өнгөрүүлэлт 0-0.5 түвшинд очлоо. Байгалийн хийн үнэ 28-аас 52 хүрлээ. Үндсэндээ хоёр дахин нэмэгдлээ. Монголын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг урд хөршийн эдийн засгийн асуудлыг мөн анхааралтай ажиглаж байна. Шатахууны нийлүүлэлтийн хомсдол урд хөршийн инфляцид нөлөөлөх төлөв ажиглагдаж эхэллээ.

Тус улс газрын тосны импортын 48 хувийг Ойрх, дорнодын бүс нутгаас авдаг. Метанол 78 хувь, байгалийн хийн импортын 18 хувь хамаардаг. Нефтийн кокс 28, хуванцарын импорт 33 хувь, хүхрийн импорт 45 хувь нь Ойрх дорнодод үйлдвэрлэгдэж байна гэхээр энэ бүхнийг байнга судалж, манайд нөлөөлөх нөлөөллийг тооцоолж байх нь ээ. ОХУ-д шатахууны үнэ тогтвортой байгаа. Монгол Улсын тухайд нийлүүлэлт дээр ямар нэг асуудал үүсэхгүй. Нөгөө талаас үнийн өсөлтөөс шалтгаалж үнэ шинэчлэх, өсөх нөхцөл байдал ажиглагдлаа.

Гэхдээ энэ үнэ өснө гэвэл хэлцэл гурван сарын турш үргэлжлэх гэрээтэй учраас дөрөв, тав, зургаан сарын хугацаанд хэлцэл явагдаж, долдугаар сараас үнэ өсөх үү гэдэг нь шийдэгдэх нь ээ. Хямрал хэвийн болбол хуучин үнээрээ явна. Дизель түлш дээр бид тогтворжуулалтын гэрээ хийгээгүй учраас анхаарах шаардлага үүссэн. Хүнсний асуудлыг нэлээд анхаарч байна. Хаврын тариалалт эхэлж буй энэ үед бордоо, ургамал хамгааллын бодис, бусад хүчин зүйлтэй холбоотой өсөлт нэмэгдэх болов уу. Агаарын компаниуд хамгийн мэдрэг байна. Эдгээр бүс нутгуудад зорчдог байсан жуулчдын урсгал руу бид анхаарч, бэлтгэл ажлаа хангаж чадвал том өсөлт гарах эерэг үр дүн бий” гэлээ.

Дэлхийн зах зээлд баррел нефтийн үнэ 110 долларт ирэхэд манай хилийн үнэ 12.7 хувь өсөх тооцоо гарсан аж. Энэ нь инфляцийг 0.7 хувиар хөөрөгдөх эрсдэл бий бөгөөд 20 хувиар шатахуун өссөн тохиолдолд инфляци нэг хувиар өсөх нь ээ. Иргэдийн орлогыг хамгаалах, дотоодын үйлдвэрийг дэмжих, аюулгүй ажиллагааны нөөцөө нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар гэдгийг ярьж эхлэх цаг болсон. Бүх салбарт нөөцөө бүрдүүлэхээс гадна дэлхий дахины энэ нөхцөл байдлыг хамгийн муугаар бодож бэлтгэлээ базаах ёстой гэдгийг Ж.Энхбаяр сайд мэдэгдлээ.

Үүнээс гадна дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ 130 ам.доллар болсон тохиолдолд манай инфляци 17.1 хувьд хүрэх нь ээ. Энэ дээр л УИХ, Засгийн газар бодлогын том арга хэмжээ авах шаардлагатай хэмээлээ. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцэл дээр валютын зардал нэмэгдэнэ. Бусад барааны үнэ өснө. Хятад, Оросын дотоодын зах зээлд шатахууны үнэ өсвөл импортоор дамжиж орж ирэх эрсдэл ч нэмэгдэх ажээ.

Мөн үргэлжлүүлэн “Ойрх дорнодын бүс нутаг руу бид 60 сая ам.долларын махны экспортын зах зээлтэй байгаа. Энэхүү экспортоо хэвээр хадгалах шаардлага бий. Харьцангуй манай улсын махны нэр хүнд өндөр учраас эрэлт хэвээр байгаа. Импортын тухайд харьцангуй бага буюу 8.8 сая ам.долларын барааг эдгээр бүс нутгаас импортолдог.

Шатахууны нөөцийн тухайд Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр сард 27 мянган тонн байсан бол өнөөдөр 87 мянган тоннтой байна. Дизель түлш 79 байсан бол 111 мянган тонн болгон нэмэгдүүлж АИ92-ын 41, АИ95-ын 70 хоног, дизель түлшний 28 хоногийн нөөцтэй байгаа. Онгоцны түлш 21, шингэрүүлсэн шатдаг хийний 35 хоногийн нөөцтэй буюу харьцангуй савлагаа багатай сууж байна” гэлээ.

Хэдийгээр дотоодод шатахууны ийм нөөцтэй байгаа ч гадаад талдаа үнэ өсчихсөн учраас өнөөдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдаж эдийн засгийн тооцооллоо гаргаж үнийг хэрхэн хөдөлгөх вэ гэдгээ өнөөдөр багтааж шийдэхээр болжээ. Хүнсний бүтээгдэхүүний нөөц хэвийн байгаа бөгөөд дотоодын үйлдвэрлэх чадал нэмэгдсэн нь талархууштай байгааг Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцоллоо.