УИХ дахь АН-ын бүлэг тодорхой шаардлага тавин УИХ-ын чуулганаас гурван хоногийн завсарлага авсан. Улмаар тэдний завсарлагын хугацаа дууссан ч чуулганд ирц бүрдүүлж ороогүй.
Харин өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурц АН-ын дарга О.Цогтгэрэлтэй уулзахаар ирсэн ч хаалгаа тайлж өгөлгүй арын өрөөндөө нуугдаж, бүтэн 40 минут намайг хүлээлгэлээ хэмээн сэтгүүлчдэд тодруулга өглөө. Түүнийг ямар зорилгоор намынхаа даргатай уулзахаар ирсэн бэ гэх сэтгүүлчийн асуултад “Огцруулна. Би намын дарга болж болох уу” хэмээн товч бөгөөд тодорхой хариулт өгөв.
Төд удалгүй АН-ынхан намын даргынхаа өрөөнөөс увж цувсаар гарч ирлээ. АН-ын дарга О.Цогтгэрэл энэ үеэр “АН-ын зүгээс хоёр шаардлага тавьсан. Өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл хуралдаад зөвхөн АН-ын зүгээс тавьсан зөвхөн Хууль зүйн сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болоод бусад асуудлыг хойшлуулж байгаа. Иймээс АН-ын бүлгээс яаж хандах вэ гэдэг чиглэлээр сая хуралдлаа. АН-ын бүлгээс тавьсан Хууль зүйн сайдыг чөлөөлөх огцруулах, шинээр томилох асуудлыг нэгэнт бүлгээс тавьсан шаардлагыг биелүүлж байгаа. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудалд ирц бүрдүүлж оролцъё. Хоёрдугаар асуудал буюу Ерөнхий сайдад итгэл үзүүлэх шаардлага биелээгүй хэвээр байгаа. Тиймээс үргэлжлүүлэн энэ шаардлагыг тавих нь зүйтэй гэж үзсэн” гэв.
Б.Хурц генерал тантай уулзахаар ирсэн ч хүлээж авсангүй. Арын өрөөндөө нуугдсан гэж мэдээлэлдээ дурдлаа. Та яагаад Б.Хурц генералтай уулзсангүй вэ гэх асуултад тэрбээр “Намын бүлгийн ээлжит бус хурал манай өрөөнд болоод сая дууслаа. Б.Хурц генерал уулзъя гэсэн ч би амжсангүй” хэмээн хариуллаа.

5° C
3595.36
0 cэтгэгдэлтэй