Хариад Уянга гэх сошиал нэрээрээ олонд танигдсан иргэн Г.Уянга хоёр хоногийн өмнө цахим хаягаараа “Маргааш 12:00 цагаас газрын хатан хаан болсон нэгэн сэтгүүлчийн талаар мэдээлэл өгнө. АТГ-ийн үүдэнд ирээрэй. Туулаа хамгаалж байгаа иргэдийг зоргоороо гутааж болно гэж их итгэж, том артай байсан юм аа. Олох гэж маш их цаг зарлаа. Гэхдээ чамайг олсоон” хэмээн мэдээлсэн. Улмаар маргааш нь буюу 2026 оны аравдугаар сарын 12-ны өдөр хэлсэн цагтаа мэдээллээ хийсэн.
Тэрбээр “Миний гарт сэтгүүлч Ж.Мядагбадамын нэр дээрх маш олон буюу 10 газрын мэдээлэл байна. Жарантайн Мядагбадам гэдэг хүн нэгж талбарын дугаар 1462703636 бүртгэсэн огноо 2026 оны нэгдүгээр сарын 7. Шийдвэрийн огноо үүнээс хойш ердөө 12 хоног буюу 2026 оны нэгдүгээр сарын 19. Дараагийн газар, Ж.Мядагбадам нэгж талбарын дугаар 1462708117 бүртгэсэн огноо энэ оны нэгдүгээр сарын 2. Шийдвэрийн огноо энэ оны нэгдүгээр сарын 19. Та бүхэн энэ мэдээллийг egazar.gov.mn сайт руу ороод харах боломжтой. Энэ бол нээлттэй өгөгдөл. Газар гурав, Ж.Мядагбадам нэгж талбарын дугаар 1462707988 бүртгэсэн огноо 2026 оны нэгдүгээр сарын 2. Шийдвэрийн огноо 2026 оны нэгдүгээр сарын 19. Газар дөрөв, Ж.Мядагбадам нэгж талбарын дугаар 1462707987 бүртгэсэн огноо 2026 оны нэгдүгээр сарын 2. Шийдвэрийн огноо 2026 оны нэгдүгээр сарын 19. Газар тав, Ж.Мядагбадам нэгж талбарын дугаар 1462707075 бүртгэсэн огноо 2026 оны нэгдүгээр сарын 15. Шийдвэрийн огноо дөрөв хоногийн дараа. 2026 оны нэгдүгээр сарын 19. Газар зургаа, Ж.Мядагбадам нэгж талбарын дугаар 1462707008 гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар. Бүртгэсэн огноо 2026 оны нэгдүгээр сарын 2. Шийдвэрийн огноо 2026 оны нэгдүгээр сарын 19. Нэг хүнд ийм олон газар нэг дор олгодог жишээ практик Монгол Улсад байдаг уу. Газар долоо, Ж.Мядагбадам нэгж талбарын дугаар 1462703644 бүртгэсэн огноо 2026 оны нэгдүгээр сарын 2. Шийдвэрийн огноо 2026 оны нэгдүгээр сарын 19. Дахиад л 17 хоног. Газар найм, Ж.Мядагбадам нэгж талбарын дугаар 1462703628 бүртгэсэн огноо 2026 оны нэгдүгээр сарын 2. Шийдвэрийн огноо 2026 оны нэгдүгээр сарын 19. Гэр, орон сууц, хашааны газар. Гэх мэтчилэн энэ хүнд 10 газар нэг дор байна. 1 га орчим газар энэ хүнд байна. Эдгээр 10 газрын найм нь нэг өдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 19-нд олгогдсон. Иргэн бидэнд өөрсдийн гэр бүлийн зориулалтаар ашиглах газар олдох боломж хэр байдаг вэ. Энэ 10 газар нь хүсэлтээ өгснөөс ердөө 10 хоногийн дотор шийдвэрлэж өгсөн байна. Энэ шударга уу. Энэ шударга сэтгүүл зүй мөн үү. Иргэн бид нэг газар авах гэж махаа идэж байхад Eguur.mn сайтын ерөнхий редактор Ж.Мядагбадам хэрхэн өөрийн нэр 8 газрыг нэг өдөр гаргуулж чадав. Миний хардах өнцөг Х.Нямбаатар дан ганц мөнгөөр угжихаас гадна бүхэл бүтэн нийслэлчүүдийн газраар наймаалцдаг байсан байх боломжтой гэж би харж байна” хэмээн мэдээлэв.
Үүний хариуд Eguur.mn сайтын ерөнхий редактор Ж.Мядагбадам дараах тайлбарыг хийлээ. Үүнд: Би төрийн албан хаагч биш, нийтийн албан тушаалтан биш. Би бол хувийн ХХК-ийн захирал. Би лагерьтаа бараг жилийн дөрвөн улирал амьдардаг. Гэрчилгээ нь миний эзэмшлийн 1 газар дээр 2019 онд байна уу гарсан. Үлдсэн газруудыг худалдан авах замаар бөөгнүүлсэн. Алаг эрээн шарилжтай газар арваад жил амьдрахдаа хачин гоё орчин бүрдүүлсэн, бүрдүүлсэн.
Ийм юмаар дөрөөлөөд над руу орох гэж байгаа бол инээдэм шүү. Аа тэр нэг өдөр захирамж гарсан тухайд, би яахав өөр дээр бөөгнүүлж худалдаж аваад, татвар төлөх, кадастрын тавигдах шаардлагуудыг хангах, хянан баталгаа хийх зэргээр бүх үйлдлийг ном журмаар нь хоёр жил бараг дамнаад явчихсан. Тэгээд нэг бөөгнүүлээд өгсөн юм аа, Сүхбаатар дүүргийн газрын албанд “ном журам”-аар нь явахад Нямбаатар гэж хүний хэрэг надад үнэхээр гарахгүй ээ.
Миний эхний жижиг газрыг яг тойруулаад хүмүүс газар авахаар нь би яахав дээ хоёр хүүгээ нэг дор амьдраг, өөрийн нэр дээрээ гаргаж банкны барьцаа хийх зэргээр л бодсон юм.
Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй л юм.
Уянгын аав Ганцог МУИС-ийн газрыг MCS-д зараад, Орчлон сургуулийг бариулснаа шалгуулмаар байна. Тэр газар нийтийнх баймаар юм гэв.
Тухайн өдрийн орой иргэн Г.Уянга маргааш дахин нэг газар эзэмшигч сэтгүүлчийн нэрийг товлосон цагтаа, товлосон цагтаа зарлахаа өөрийн цахим хаягаараа мэдээллээ. Ингэхдээ тэрбээр “Маргааш дахин АТГ-ын гадаа цугларч, 12:30 цагт ээлжит мэдээлэл өгнө. Цагдаад мөн шалгуулахаар дараагийн өргөдлөө гаргана” хэмээсэн.
Ингээд 2026 оны аравдугаар сарын 13-ны өдрийн мэдээлэлдээ тэрбээр “Eguur.mn сайтын ерөнхий редактор Ж.Мядагбадам нөхөр тус сайтын эрхлэгч Т.Хүчитбаатарын нэр дээр 1802623650 дугаартай Ар гүнт гэх байгалийн үзэсгэлэнт газарт зуслангийн газартай. 2025 оны аравдугаар сарын 13-ны өдөр ердөө 10 хоногийн дотор олгогдсон байна. Энэ бол Eguur.mn сайтын ерөнхий редактор Ж.Мядагбадамын 11 дэх газар. Түүний нөхөр Т.Хүчитбаатарын нэр дээр 1802623652 дугаартай Ар гүнт дэх гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар мөн аравдугаар сарын 13-нд олгогдсон. Бүртгэсэн огноо нь тухайн оны аравдугаар сарын 1-ний өдөр. Энэ бол түүний 12 дахь газар нь. Ж.Мядагбадам нөхөр Т.Хүчитбаатарын 1802623651 тоот нэгж талбарын дугаартай 2025 оны аравдугаар сарын 13 буюу Х.Нямбаатарыг Хотын засаг дарга байх үед олгогдсон, бүртгэгдсэн огноо нь аравдугаар сарын 11. Түүний ээлжит газар бас Ар гүнтэд. Нэг дор гэсэн үг. Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар Т.Хүчитбаатарт 1802623653. Мөн аравдугаар сарын 1-нд бүртгэж, аравдугаар сарын 13-нд олгогдсон байна. Бид иргэдээс нээлттэй мэдээлэл зөндөө авч байгаа. Иргэд маш их мэдээлэл өгч байна. Өчигдөр мэдээлэл гарснаас хойш иргэд маш ихээр маш гоё гоё мэдээлэл нэмэлтээр надад өгсөн. Үүнийг би өнөөдөр нэмэлтээр ЦЕГ-т өгөх болно. Үүнтэй холбоотойгоор түүний 15 дахь газар буюу нөхрийнх нь нэр дээрх 4113037052 гэсэн нэгж талбарын дугаартай 5000 мкв газар байгаа юм. Энэ нь Төв аймагт байна. 5000 мкв газар нь ойролцоогоор найман айлын газартай дүйцэж байна. Тэгэхээр энэ бол нийслэлийн 22 айлын газарт ай дүйцэх хэмжээний газрыг Ж.Мядагбадам эзэмшиж байна. Эдгээр газрууд дээрх байшингуудыг нь тоолох юм бол 5 том байшин байна” гэв.
Мөн тэрбээр маргааш нь дахин нэг сэтгүүлчийн газрын талаарх мэдээллийг ил болгохоо илэрхийллээ.
Энэхүү мэдээллийн хариуд Eguur.mn сайтын ерөнхий редактор Ж.Мядагбадам “Газар эзэмших эрхийн талаар тайлбар:
Иргэн Г.Уянгын мэдээлэлтэй холбогдуулан 13 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн талаар дараах тайлбарыг өгье.
Газар эзэмших эрхийн шилжилт ба гэрчилгээний огноо
Нэг өдөр захирамж нь гарсан гэх найман газрын эзэмших эрхийг би өмнөх эзэмшигч гурван иргэнээс худалдан авч, шилжүүлэн авсан. Тус бүр нь 400–700 м², нийтдээ 3,800 м² орчим талбайтай эдгээр газрын гэрчилгээний огноо ижил байгааг шилжилтийн үйл явцтай нь хамт ойлгох хэрэгтэй.
Энэ орчинд миний анх эзэмшиж байсан газрын гэрчилгээ 2018 онд гарсан. Харин эргэн тойрны газруудын эзэмших эрхийг 2024 оны 6 дугаар сарын 6-наас 2025 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд иргэдээс шилжүүлэн авч, холбогдох баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан.
Тэдгээрийн заримыг 2024 онд дүүгийнхээ нэр дээр авсан бөгөөд 2025 оны сүүлээр бүгдийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр болсон. Энэ хугацаанд баримт бичиг бүрдүүлэх, хянан баталгаа хийлгэх, татвар төлөх, газрын давхцлыг арилгах кадастрын ажил зэрэгт хугацаа зарцуулсан.
Ингээд 2025 оны төгсгөлд газар эзэмших эрх шилжүүлэх материалаа Сүхбаатар дүүргийн газрын албанд нэг дор өгсөн. Материалыг нийслэлийн бус, дүүргийн газрын албанд өгсөн гэдгийг тодотгоё. Хүсэлтүүдийг хамтад нь өгсөн учраас хуульд заасан 30 хоногийн хугацаанд гэрчилгээнүүд нэгэн зэрэг гарсан.
Би материалаа өөрөө хүргэж өгөхөд гэрчилгээ цахимаар гарахыг газрын албанаас хэлсэн. Энэ нь иргэд хоорондын газар эзэмших эрхийн шилжилт тул танил тал, нөлөөлөл хэрэггүй. Харин цахим мэдээлэлд гэрчилгээний огноо харагддаг ч өмнөх шилжилтийн түүх нь эзэмшигчээс бусад иргэнд харагддаггүй тул асуулт, хардлага үүсэж болохыг ойлгож байна.
Сэлбэ орчимд 400 м² газрын ханш ойролцоогоор 5–25 сая төгрөг байдаг. 2025 оны байдлаар энэ орчинд нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдэд шинээр олгох сул газар байхгүй. Нийгмийн сүлжээнд харагдаж буй газар нь арын хэсэгтээ модтой уулын наран талын хөмөгт байрладаг. Урд талын замын цаана мөн модтой хэсэг бий.
Иргэний эрх болон миний байр суурь
Би Монгол Улсын бусад иргэний нэгэн адил газар эзэмших, газар эзэмших эрх худалдан авч шилжүүлэн авах, тухайн газартаа сууц барих эрхтэй. Энэ газарт аавын минь гал голомт болсон монгол гэр, зах зээлийн ханшаар 20 сая төгрөгөөр барьсан түр сууц бий. Бид эхээс олуулаа бөгөөд аав, ээж минь зуны улиралд энд ирж зусдаг. Газраа тогтмол арчилж, мод тарьж, тохижуулж ирсэн.
Ажил олгогч болсон цагаасаа хойш сэтгүүлчдийг ядуу, дорд амьдрах ёстой мэтээр үздэг хандлагатай би санал нийлээгүй. Хамт ажилладаг сэтгүүлчдээ бие даасан хувь хүн байж, бусдын гар харахгүй амьдраасай гэж аж ахуй, амьдралын нөхцөлд нь анхаарч ирсэн. Өөрөө ч бизнес эрхэлсэн хугацаандаа хувийн амьдралаа авч явах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн.
Олон нийт асууж, хардаж болно. Харин энэ асуудлыг хэтрүүлэн доромжлох, өөр сэдвийг дарах, айлган сүрдүүлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд шууд бусаар халдах хэрэгсэл болгож болохгүй.
Хотын хойд амны эдгээр газрын талаар ярьж байгаа бол Богд уулын газрыг улс төрчид хэрхэн хувааж авсан, хотын төв болон Зайсанг хөрөнгө чинээтэй хүмүүс хэрхэн хэт шигүү барилгажуулсан асуудлыг ч мөн ярилцъя” гэлээ.
Өчигдөр 12:00 цагт АТГ-ын үүдэнд иргэн Г.Уянга дахин мэдээлэл хийлээ. Энэ удаа тэрбээр Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн талаарх баримтыг дэлгэлээ. Иргэн Г.Уянга “Зариг Өнөрөөг ХЗДХ-ийн сайд асан, Хотын дарга асан Х.Нямбаатарын хүн гэж маш олон хүн хэлдэг. Эхлээд өчигдөр ирсэн нэмэлт баримтыг мэдээлье. Ж.Мядагбадамын оффис нь Татварын ерөнхий газрын хойно шинээр баригдсан 6 давхар барилгын оффисын талбайг давхраар нь авсан гэх мэдээллийг иргэдээс ирүүлсэн. Түүний өмчилсөн 22 айлын газрын үнэлгээ нь ойролцоогоор 2 тэрбум орчим төгрөг болно гэх таамаг өчигдөр иргэдийн дунд өрнөсөн. Хэрвээ түүний оффисын үнэлгээг нэмбэл 3.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй сайтын эзэн байна. Түүний Төв аймаг дахь газрын хөрш 2000 мкв газартай найз нь Заригийн Өнөрөө. Тэд өчигдөр “Сэтгүүлчид бид төрд ажилладаггүй. Хувийн бизнес эрхэлж болохгүй юу” хэмээн хариу ноцож үзэж байна лээ. Болно оо болно. Иргэд бид хариу хэлцэл хийж харилцаанд ордог бол та хэд бусдын амьдралаар тоглож дэвсэж, иргэдийн эсрэг ажилладаг. Та нарын нийслэлээс санхүүжиж байсан харилцаа холбоо болон баримтууд бидэнд ирсэн. Иргэдийн эсрэг ажиллахад санхүүжүүлдэг байсан баримтыг би дэлгэе. Энэ бол Нийслэлийн засаг дарга асан байсан ба түүний эрх мэдэл дор байсан мөнгө зарах эрх мэдэлтэй 30 газар, агентлаг, нэгжээс мөнгө эдгээр сайтын эзэд мөнгөө авсан баримт байна. Хатан Туулаа аваръя хөдөлгөөний эсрэг ажилласан 10 сайт тус бүр 8 сая төгрөг нэг өдөр авсан мэдээллийг хүргэж байна. Иргэд бид хатан Туулаа авархаар жагсаж байх үед эдгээр 10 сайт Нийслэлийн нэгдсэн төслийн удирдах газраас тус бүр 10 сая төгрөг авсан байна. Эдгээр сайтууд нийлж 108 сая төгрөг авсан баримт байна. Шударга нэртэй 10 сайт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх нэрээр 200 сая төгрөг хувааж авчээ. Уг гэрээг Хатан Туулаа аврах хөдөлгөөн Төрийн ордонд сонсголд оролцож байх өдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр яаравчлан хийжээ. Энэ өдөр Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагссан.
Зариг Өнөрөө нийслэл хотын 4 дүүрэгт оффис, үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машины цуглуулгатай. Бидний мэдэхээр Н.Өнөрцэцэг нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял авч байсан этгээд гэдгийг мартаж болохгүй. Түүний хөрөнгийн мэдээлэлд Төрийн ордны ард байрлах 6 давхар гоёмсог байшингийн Ган үзэгтэн ХХК-ийн нэг давхрын үйлчилгээний үл хөдлөх бий. Үүний зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум орчим төгрөг байх боломжтой. Мөн БЗД дэх 2 өрөө үл хөдлөх, ХУД-т прайм зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө бий. Гэрлүг гэх хороололд. Шинээр ашиглалтад орж байгаа мкв нь 8 сая төгрөгийн үнэлгээтэй Зет 64 гэх барилгад захиалга өгсөн мэдээллийг иргэд өгсөн. Биднийг Туулын эрэг дагуу Ривер гарден хотхонд амьдардаг гэж гүтгэж байсан хүн өөрөө Туулын эрэг дэх Хан Хилсс хотхонд үл хөдлөх хөрөнгөтэй. Мөн Туулаа даваад цаашаа Зайсанд үл хөдлөх хөрөнгөтэй. Хөдлөх хөрөнгө нь ланд-300 гэж байсан бол лексус 600 гэж машинтай юм байна. Эдгээр мэдээллийг мөн бид ЦЕГ-т өгөх болно” гэлээ.
Үүний хариуд Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг “Би хот ороод өөрийн нэр дээр байгаа бүх хөрөнгөө тайлагная, Уянгийг шүүхэд өгнө, алалцанаа та нартай. Н.Учрал ингэвэл өөрөөр ярина шүү, та нартай. Мөрөөрөө байхад давраад байгаарай. Би тэгвэл гарын үсэг цуглуулж эхлэе, намайг ямар хэргээр хорьсноо ил болгоо. Хүсвэл наад уучлалаа цуцал”, “50 лайктай, 500 шэйртэй” гэх мэтээр байр сууриа илэрхийлжээ.

-5° C
3597.06
0 cэтгэгдэлтэй