Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 17 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг байгуулах тухай, Сэлбэ хорин минутын хот, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, нийслэлийн өмчтэй холбогдох асуудлуудын талаар хэлэлцлээ.
Зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин техникийн бэлэн байдлыг хангав
Нийслэлийн инженер хангамжийн байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагууд, есөн дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлэн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх ажлуудыг чанартай зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үүрэг болголоо. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд 80.2 км инженерийн шугам сүлжээ, 132 км авто замыг шинэчилж байна. Тодруулбал, 18.7 км дулаан, 30 км цахилгаан, 19.1 км борооны ус зайлуулах, 9.8 км ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ерөнхий инженер Л.Алтангэрэл танилцуулав. Дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, цахилгаан түгээх сүлжээний урсгал болон их засварын ажлууд дуусах шатандаа хэрэгжиж байна.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд халтиргаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 16 мянган тонн давс, бодисыг нөөцөлж, давс, бодис цацах зориулалтын 96 машин, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин техникийн бэлэн байдлыг хангажээ.
Түүнчлэн нийслэлийн төвийн зургаан дүүргийн 102,892 гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангаж, үерийн хамгаалалтын байгууламжийн 24 байршлаас 34 мянга гаруй шоо метр лаг хагшаасыг цэвэрлэлээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцад өмчлөл, эзэмшил нь тодорхойгүй ус, дулааны инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ тулгамдсан асуудал болж байгааг тодотголоо.
Энэ онд үер, халиа тошингийн эрсдэлтэй бүсээс 390 айл өрх, нэгж талбарыг чөлөөлжээ
Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр 36-45 байршилд 596 га талбайд халиа тошин үүсэх эрсдэлтэй байдаг. Дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэх эрсдэлтэй бүс дэх газар ашиглалтын судалгаагаар зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 хашаа, нэгж талбар байна. Үүнээс 2026 онд үер, халиа тошингийн эрсдэл, нөлөөлөлд өртөх 390 айл өрх, нэгж талбарыг чөлөөлжээ. Халиа тошин жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-наас үүсэж, өвлийн улирал, хаврын эхэн саруудад үргэлжилдэг. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдлын албад, инженерийн хангамжийн байгууллагууд халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
Нийслэлд халиа тошин үүсдэг байршлууд:
ЧД-ийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 1-р суваг
ЧД-ийн 11,12 дугаар хороо, Дэнжийн 1000 3-р суваг
БЗД-ийн 5, 13, 22 дугаар хороо, Зүүн уулын суваг
ЧД-ийн 18 дугаар хороо, СБД-ийн 14-р хороо Чингэлтэйн суваг
СХД-ийн 9, 26, 35 дугаар хороо, Толгойтын гол
СБД-ийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж
ЧД-ийн 13,14 дүгээр хороо, Хайлаастын суваг
СБД-ийн 15 дугаар хороо, Сэлбэ голын далан
СХД-ийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт халиа тошин үүсэх эрсдэлээс сэргийлэн ажиллана.
Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дотоодын нүүрсний нөөцийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 17 дугаар хуралдаанаар “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран байгуулах тухай НИТХ-д өргөн барих тогтоолын төслийг хэлэлцлээ.
Багануурын Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэнэ. Мөн нүүрс боловсруулах явцад ялгарах пиролизын хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний нэгдсэн системд 26 МВт цахилгаан нийлүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн хагас коксон түлшээр хангаж, агаарын бохирдлыг бууруулна. Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллоос ялгарах агаарын бохирдол 50–60 хувиар буурч, түлшний өртөг 50–70 хувиар багасах боломжтой гэж үзжээ. Эдийн засгийн үр өгөөжийн хүрээнд 440 ажлын байр бий болно.
2026 оны наймдугаар сарын 21-нд төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах ажлыг хэсэг байгуулагдсан. Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг арваннэгдүгээр сард багтаан дуусгахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үүрэг болголоо.

-5° C
3597.06
0 cэтгэгдэлтэй