МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо энэ сарын 14-нд буюу ирэх бямба гарагт болохоор товлогдоод буй. Тус эмэгтэйчүүдийн холбоонд 21 аймаг, есөн дүүргийн МАН-ын эмэгтэйчүүд харьяалагддаг. Холбооны тэргүүнээр сонгогдсон тохиолдолд намын удирдах зөвлөлд суух түлхүүрийг атгадаг.
Одоогоор тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байгаа юм. Түүнийг УИХ-ын дэд даргаар ажиллаж, хуралдаан даргалах үедээ үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа. Цаашлаад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүртэл асуудал яригдаж байгаа юм. Х.Булгантуяа нь тус холбооны тэргүүнээр 2023 онд сонгогдсон байдаг. Холбооны тэргүүнийг 4 жилийн хугацаатайгаар томилдог уламжлалтай. Гэсэн хэдий ч МАН-ын 31 дүгээр Их хурлаар намын шинэ даргаа сонгосонтой холбоотойгоор намын дэргэдэх байгууллагууд ч хуралдан тэргүүнээ сонгож, дүрмээ шинэчлэх аж.
Харин Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны дараагийн тэргүүнээр намын бодлогоор УИХ-ын гишүүн Д.Үүрийтуяаг томилох тухай улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна. Зарим гишүүдийн тухайд өөр кандидат байхгүй Д.Үүрийнтуяа гишүүнийг сонгох үүрэг, чиглэл ирсэн тухай ч хэлж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Үүрийтуяа гэж хэн бэ? Яагаад түүнийг Ц.Анандбазар гишүүний лифтээр яваа гэж онцлох болов гэдгийг дор сийрүүлье.
Түүнийг намтарыг харвал Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газраас шууд “Сод Монгол Групп” ХХК-ийн Орхон салбарын даргаар очсон. Энэ үеийн улс төрийн нөхцөл байдлыг харвал гишүүн асан Ц.Анандбазар Говьсүмбэр аймагт нэр дэвшихээр бэлдэж байсан үетэй давхацдаг. Тухайн үед Эрдэнэт хотод Өргөө кино театрын ашиглалтад оруулж байсан үе юм. Д.Үүрийнтуяа Эрдэнэтэд “Сод Монгол групп” ХХК-д дөрвөн жил ажиллаад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК–ийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байдаг. Мөн л улс төрийн хувьд тус үйлдвэрийн даргаар Х.Бадамсүрэнг томилоод байсан үе юм. Ингээд зөвлөхийн орон тоон дээр хоёр жил ажилласны дараагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ–ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, Тамгын газрын дарга, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргаар тохоон томилогдож ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүн болсон.
Эрдэнэт үйлдвэрт нэг өдөр ч ажиллаагүй түүнийг шууд Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөх, орлогч дарга, тамгын дарга болгох лифтийг гишүүн асан Ц.Анандбазар захиалсан гэхэд хилсдэхгүй биз. Учир нь Д.Үүрийнтуяа нь ажиллаж байх хугацаандаа “Сод монгол групп” ХХК, “Интер стандарт нефть” ХХК-уудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийт 253 тэрбум төгрөгийн тендер өгсөн гэх мэдээ, баримтууд зарим эх сурвалжуудаар хөвөрдөг. Мөн 2024 оны сонгуульд Ц.Анандбазар авлига, хүчингийн гэмт хэрэгт холбогдож 44 их наядын нүүрсний хулгайчдын нэгээр цоллогдож нэр дэвших эрхээ алдсан. Тэрээр өөрийн квот дээрээ Д.Үүрийнтуяаг дэвшүүлсэн гэх яриа ч мөн улс төрийн хүрээнийхэн дунд өрнөж байсан юм.
Харин одоо авлига, хүчин, нүүрсний хулгайн гэмт хэргүүд нь хэрхэн яаж шийдэгдсэн нь мэдэгдэхгүй Ц.Анандбазар Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр очоод тухалж буй. Тэр ч утгаараа өөрийн хүн болох Д.Үүрийнтуяагаа эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд зүтгүүлж буй нь энэ аж.

-7° C
3566.64
0 cэтгэгдэлтэй