2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 00:50 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын нутагт машин онхолдож, 16 настай хоёр охин газар дээрээ нас барсан хэрэг гарсан. Тухайн тээврийн хэрэгслийг 19 настай эмэгтэй барьж явсан. Ослын улмаас Төв аймгийн Борнуур сумын газар зүйн багш амиа хорлосон. Тухайн багшийн машинд охид сууж явсан бөгөөд цуг архидан согтуурсан байх магадлалтай. Мөн газар зүйн багш бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. Уг хэргийн талаар Зариг.мн сайтын эх сурвалжаар нийтлэн хүргэж байна.
Цагдаагийн ерөнхий газрын (ЦЕГ) Мөрдөн шалгах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэрээс хэргийн талаар тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 00:50 цагт Төв аймгийн Борнуур суманд машин онхолдож хоёр хүн нас барлаа гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар Toyota Prius маркийн машин ус зайлуулах бетонон хоолой мөргөж онхолдсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 15-16 насны хоёр эмэгтэй нас барж, тээврийн хэрэгслийг жолоодож явсан 19 настай иргэн гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулах үед тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн хаягаар шөнийн 01:50 цагт шалгахад иргэн Л нь өөрийн гэртээ боомилж нас барсан байдалтай олдсон. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан 19 настай эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлгийн үйлчилгээ үргэлжлүүлэн авч байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч Л нь Төв аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хэргийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу хүчиндэх эрүүгийн хэрэг үүсгэгдээд, яллагдагчаар татагдан шалгагдаж дууссан. Төв аймгийн цагдаагийн газраас хэргийг 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэхдээ хэргийн мөрдөгчөөс урьд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг холбогдох байгууллагад удаа дараа хүргүүлж байсан” гэв.

Ослын улмаас нас барсан охид Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг байжээ. Тухайн үед яагаад дотуур байрнаас оройн цагаар хүүхдүүд гарсан талаар дотуур байрны жижүүр н.Мөнхцэцэгээс тодруулахад “Өчигдөр өөр жижүүр байсан. Өглөө 09:00 цагт би ээлжээ хүлээж авахад энэхүү харамсалтай мэдээг дуулсан. Манайх оройн 19:00 цагт хаалгаа бариад, тоогоо авдаг. Тоо авсны дараа энэ хүүхдүүд цонхоор гарсан гэх мэдээлэл байна. Камер шүүхээр гарч ирэх байх. Тэрхүү амиа хорлосон Л гэх багш эдгээр хүүхдүүдийг авч гарсан гэж би сонссон. Тэр хүнд өдийг хүртэл арга хэмжээ авахгүй байсаар байгаад хоёр хүүхдийн аминд хүрчихлээ. Төв аймгийн шүүх, прокурорт гомдолтой байна. Энэ Л гэх багш 13-хан настай миний төрсөн охиныг бузарлаж, цагдаа шүүхээр явж байсан. Цагдаа шүүх нь та дуугүй бай. Дуугүй байж байж энэ зүйлийн ард гарна. Охиныхоо төлөө та дуугүй бай гэдэг байсан. Энэ хүн Төв аймгийн шүүх дээр хэргээ хүлээгээд, хүлээн зөвшөөрөөд, хорих саналыг зөндөө хүргүүлсэн байна лээ. Энэ хүнийг Боловсролын яамнаас ажлаас нь түдгэлзүүлсэн. Тэгэхэд энэ хүн багш нарын баяраар манай сургуулиар орж гараад юу ч болоогүй юм шиг л явж байсан. Оройн цагаар байнга сургууль руу орж гардаг. Яагаад энэ хүнд хөл хорио тавьж болоогүй юм. Энэ хүнийг яагаад хориогүй юм бэ. Тэр хүнийг хорьсон бол энэ хоёр сайхан охин нас барах уу. Миний охин хохироод үлдлээ. Хэрэг хийсэн хүн нь амиа хорлоод үхчихлээ” гэлээ.
Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуульд 960 сурагч суралцдаг. Дотуур байранд 132 гаруй хүүхэд амьдардаг. Сургуулийн зүгээс хэрэгт холбогдсон Л гэх багш цагдаагийн байгууллагаас шалгагдаж байсан. Тухайн багшийг энэ оны аравдугаар сараас ажлаас нь түдгэлзүүлсэн байсан гэх мэдээллийг өглөө.


-5° C
3597.06
0 cэтгэгдэлтэй