ЦЭЦ-ийн гишүүний суудлыг орхиж УИХ-руу ирсэн Л.Өлзийсайхан гэж хэн бэ?

xpost Бямба гараг

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилох саналыг хэлэлцэж гишүүдийн 64,2 хувийн саналаар түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Уг томилгоог хэлэлцэх үеэр АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин гурав хоног завсарлага авах хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга Н.Учрал төрийн албан хаагчийн томилгооны асуудалд улс төрийн шийдвэр гаргахгүй гэсэн шалтгаанаар 2 цагийн хугацаатай завсарлага өгснөөр чуулган үргэлжилж томилгоо эцэслэгдсэн юм.  Улмаар Лувсандоржийн Өлзийсайханыг  Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь нь дэмжсэн. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг 6 жилийн хугацаагаар томилдог. Түүний хувьд томилогдоод 2 жилийн хугацаа өнгөрч байсан ч өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд УИХ-ын тамгын газар ажиллахаар ирж байгаа юм.

Л.Өлзийсайхан нь өмнө нь 2019-2023 онд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан буюу тус албанд дахин томилогдож байна. Түүний товч намтарын хүргэж байна.

Монгол Улсын Гавьяат хуульч ЛУВСАНДОРЖИЙН ӨЛЗИЙСАЙХАН

Боловсрол:

  • 1993 онд Нийслэлийн 50 дугаар дунд сургууль;
  • 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн бакалавр;
  • 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр;
  • Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор.

Ажилласан байдал:

  • 1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуульд багш;
  • 2002-2016 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш;
  • 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, Экспертийн хэсгийг хариуцсан ахлах зөвлөх;
  • 2012 онд Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх;
  • 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга;
  • 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  • 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх;
  • 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга;
  • 2019 онд Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга;
  • 2019-2023 онд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга.

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан.