Хоёр “хөөгдсөн” С.Амарсайхан

xpost Лхагва гараг

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр өмнөх Засгийн газарт буюу Г.Занданшатарын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байлаа. Г.Занданшатарын Засгийн газар 2025 оны зургаадугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан.

Харин С.Амарсайханыг УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан “Ерөнхий сайдыг огцруулах” бичигт гарын үсэг зурж, 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөнийг үндэслэн Хариуцлагын гэрээ зөрчсөн гэх шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Тухайн үед Ерөнхий сайд Г.Занданшатар “Зорилго буруу улсууд албан тушаалын төлөө, өс хонзонгийн сэдэлтэй, үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн хууль бус үйл ажиллагаа даамжирсан. Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд манай зарим нэг сайд нар оролцож гарын үсэг зурж уриалж, гишүүдийг дарамталж ажилласан. Тийм учраас Шадар сайд С.Амарсайханыг ажлаас чөлөөлж байгаагаа мэдэгдэж байна” гэсэн юм.
Ийнхүү С.Амарсайханыг 2025 оны аравдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шадар сайдаас чөлөөлсөн байна.
Гэвч Г.Занданшатарын Засгийн газар 2026 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр татан буугдсан. Үүний дараа Н.Учралын Засгийн газар 2026 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулагдсан. Н.Учралын Засгийн газарт С.Амарсайхан Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдон ажилласан.
Гэвч түүнийг өнөөдөр мөн үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ерөнхий сайд Н.Учрал “Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна” гэх шалтгаанаар түүнийг чөлөөлж байгаагаа мэдээлэв.
Ийнхүү С.Амарсайхан хоёр Засгийн газарт 4, 4 сар ажиллаад чөлөөлөгдсөн анхны тохиолдол болж байна.