УИХ-ын гишүүн С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Таныг огцруулсан үндэслэлийг та хүлээн зөвшөөрч байна уу?
-Одоо ганц сайдын асуудал яриад яах вэ. Ер нь бол нэг сайдыг чөлөөлөх тухай асуудал биш. Хууль бус үйлдэл, хулгай зэлгийтэй зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай мэдээлэл би хийсэн. Хууль бус, бусармаг үйл ажиллагаатай тэмцээгүйнхээ төлөө нэг битгий хэл, хоёр битгий хэл хорин удаа ч чөлөөлөгдсөн, өөрчлөгдсөн надад харамсах зүйл байхгүй. Би хууль зүйн салбарт очихдоо Хууль зүй, дотоод хэргийн салбар арай ч ийм түвшинд ортлоо улс орныхоо эрх ашгийг худалдсан, зарим нэг ялзарсан цагдаа, шүүхийн шийдвэрийн байгууллагын удирдлагуудаар дамжуулаад төр нь барьцаанд орчихсон, Засгийн газар нь хүртэл өнөөдөр дугарч чадахаа болих хэмжээнд барьцаалагдсан байна гэж төсөөлөөгүй. Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч гэсэн би анхаарч ажилласан маш олон асуудлууд бий. Хар тамхитай холбоотой асуудал, хууль бус алт олборлохтой холбоотой асуудал, төрийн байгууллагуудад хувийн ашиг сонирхлоо шингээж, түгээрээ дамжуулан явцуу эрх ашгаа гүйцэлдүүлдэг бүлэглэлүүд гээд маш олон зүйлүүд бий.
Өнөөдөр намайг чөлөөлж болно. Гэхдээ миний үзэл бодол, үнэт зүйлийг хэзээ ч, хэн ч чөлөөлж чадахгүй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой, дотоод аюулгүй байдалтай холбоотой маш олон асуудлуудаар шүгэл үлээнэ гэдэг шиг иргэд олон нийтдээ мэдээлэл хийсэн. Хийхээс ч өөр аргагүй байсан. Цаашдаа ч илүү чанга дугарч, илүү ч олон шүгэл үлээнэ гэж бодож байгаа. Ярих асуудал олон бий. Монгол Улсад өнөөдөр дотоод аюулгүй байдал хутганы эрэн дээр байна. Харамсалтай нь бүх түвшиндээ нуун дарагдуулж ирсэн. Өшөө ч цаашаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудлуудаар маш олон түвшинд мэдээлэл хийх, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
-Тусгай хяналтын дэд хороо байгуулна гэж гурав дахь удаагаа ярьсан. Хэзээ ажил хэрэг болох бол?
-Их хурлын бүх түвшинд, Засгийн газрын бүх түвшинд энэ асуудлуудаа сонсох ёстой. Олон нийтэд мэдээлэл өгөх, ярих зүйл байна. Бас цаана нь ярихгүй зүйл бий. Гэхдээ ярихгүй зүйл гээд ард түмнээс асуудлыг нуух шаардлага байхгүй. Өнөөдөр хүүхэд залуучууд, ард иргэдээсээ эхлээд бүгдээрээ хувь заяа нь асар аюултай дэнсэн дээр байна гэж дүгнэж байгаа.
-Та цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын ялзарсан удирдлагууд гэсэн. Үүн дээр нэр зарлах уу?
-Би тодорхой нэрийг баримттай зарласан. Хүнийг гүтгэх, эсвэл үндэслэлгүй мэдээлэл хийж болохгүй. Би цаашдаа ч гэсэн хийх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, надад дурдаагүй сэдэв, нэр олон бий. Намайг өнөөдөр албан тушаалаас хөндийрүүлж болно. Гэхдээ миний олж харсан аймшигтай, улс орны хувь заяатай холбоотой асуудал, мэдээлэл, баримт нотолгооноос намайг устгачихдаггүй юм бол хэзээ ч холдуулж чадахгүй.
-Г.Занданшатар таныг ажлаа өгөхөд нөлөөлсөн гэж та мэдээлсэн?
-Би хууль зүй дотоод хэргийн салбарыг аваад 5 сар ажилласан. Энэ бол том салбар, том бүлэглэл, том сүлжээ. Үүнийг гаргаж ирэх, мэдээллийг нь цуглуулах, баримтжуулах гэдэг 5 сараар тогтохгүй олон жилийн ажил шаардагддаг асуудал. Гэхдээ маш олон ноцтой асуудал байна. Өнөөдөр ажлаа өгсөн ч гэсэн надад маш олон талаас иргэд олон нийт мэдээллүүдээ ирүүлж байгаа. Цаашдаа үүн дээр ярих зүйл маш олон байна гэдгийг хэлье.
-Дараагийн сайд хэн байх вэ?
-Дараагийн сайдыг яаралтай томилох ёстой. Би бас захиж хэлэх зүйл бий. Асар их дарамт ирнэ. Маш их зориг, тэвчээр шаардлагатай. Маш их хатуу зарчим шаардлагатай. Янз бүрийн нөлөөлөлд автуулах гэж оролдоно. Ажлыг нь хийлгэхгүй байх гэж оролдоно. Тал талаас гаргаж байгаа шийдвэрүүдийг нь буцаах гэж оролдоно. Элдэв янзын дарамт шахалтууд ирнэ. Гэр бүл, үр хүүхдээр нь барьцаалах гэж оролдоно. Амь нас, эрүүл мэндээр нь барьцаалах гэж оролдоно. Үүнээс зугтаж, ухарч болохгүй гэдгийг би өөртэй нь ярихдаа хэлсэн. Албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөхдөө хэлнэ.
-Г.Тэмүүлэн гишүүн таны оронд томилогдохоор яригдаж байна. Та дэмжиж байгаа юу?
-Зөв хүн томилогдож байгаа. Цаашдаа хамтарч дэмжиж ажиллана. Хамтарч шийдвэрлэх олон асуудлууд бий.
-Г.Занданшатар даргын мэдэгдэлд та юу гэж хариу хэлэх вэ?
-Би хэлдэг үгээ хэлчихсэн. Илүү цаашаа ярих хэлэх зүйл бий. Өнөөдрөөр миний ярих хэлэх зүйл өөрчлөгдөхгүй. Би энэ хулгай хийсэн, дээрэм тонуул хийж байгаа, улс орноо үгүй хийж байгаа этгээдүүдтэй цаашдаа хөлөө хүрэх газар, хэлээ хүрэх газар хүртэл тэмцэнэ гэдгээ хэлье. Ард түмний амьдрал бэрхшээл их байна. Энэ цаг үед олон юм яриад яах вэ гээд урдах ажлаа хийж ирсэн. Гэхдээ Засгийн газарт итгэсэн. Харамсалтай нь барьцаалагдаж байна. Намын олон гишүүд дэмжигчид, иргэд ардаа амьдралтай. Иргэд, олон нийтийн хувь заяа, ирээдүй хойч үеийн амьдрал ахуй, айхавтар гэмт хэргүүдийн золиос болж энэ хэвээрээ явбал Монгол Улсын аюулгүй байдал илүү ноцтой түвшинд хүрч байгааг маш сайн мэдэж байгаа учраас үе шаттай хийх мэдээллүүд их байгаа гэдгээ хэлье.
-Таныг сайд байх хугацаанд цагаан захтануудтай холбоотой хэргүүд хэр урагшилсан бэ?
-Зөндөө хэрэг хуулийн байгууллагуудаар шалгагдаад явж байгаа. Хуулийн байгууллагынхан өөрсдөө мэдээллээ өгөх байх.
-Засгийн газар барьцаалагдсан гэж ямар шалтгаанаар хэлсэн бэ. Та өөрөө Засгийн газрын нэг сайд нь байсан. Өмнө нь Шадар сайдаар 4 жил ажилласан. Энэ хугацаанд мэддэггүй байсан юм уу?
-Хуулийн салбар хэн бүхний өнгийж ороод байдаг салбар биш. Дотор нь ороод харахаар, асуудлуудыг судлаад үзэхээр аманд ч багтахгүй үг хэлээд ч харамсмаар зүйлүүд их байгаа учраас би цаг хугацаанд нь гаргаж тавьсан гэж үзэж байгаа.

21° C
3595.64
0 cэтгэгдэлтэй