Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлнэ

xpost 51 минутын өмнө

ХББОС-ын сайд Э.Бат-амгалан Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзах үеэрээ хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Тухайлбал, “Атал Бихари Важпайн нэрэмжит мэдээллийн технологи, харилцаа холбоо, аутсорсингийн төв”, Энэтхэг–Монголын Найрамдлын Ерөнхий боловсролын сургууль болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төслийн хэрэгжилтийг хэлэлцэж, төслүүдийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд хоёр талын уялдаа холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцлов. Уулзалтын төгсгөлд цаашид хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, инженерийн дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэл, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлт, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр Энэтхэгийн туршлага, технологи, хөрөнгө оруулалтыг Монгол Улсад нэвтрүүлэх, шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Харин Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс /БНСВУ/-ын “Hanoi construction corporation – JSC буюу HANCORP компанийн ТУЗ-ийн гишүүн, ноён Тран Хуен Линьтэй уулзах үеэрээ хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тодруулбал Ноён Тран Хуен Линь Монгол Улстай хот байгуулалт, барилга, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, цаашид хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд дээрх салбаруудад харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг хамтран судлах талаар санал нэгдлээ.