Монгол цэргүүд энхийг сахиулахаас гадна олон улсын өндөр эрсдэлтэй ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг

xpost 1 цаг 6 минутын өмнө

Манай цэргийн баг энэ сараас Эль Сальвадор, Гватемал, Чад, Ямайка, Шри-Ланка зэрэг улсын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн Хаити Улсын нийслэл Порт-о-Принс хот дахь ‘’Вертиерес’’ баазын аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж эхлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бүгд Найрамдах Хаити Улсын Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эме-тэй уулзжээ.
Энэ үеэр Монгол Улс цэргийн багаа алс холын оронд, өөр тивээс өөр тивд илгээж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг зэвсэгт халдлагаас хамгаалах, гэмт бүлэглэлтэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эме Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлжээ.
“Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар хошууч генерал Б.Эрдэнэбат ажиллаж байна.
Тэрбээр өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан. 2024-2026 онд НҮБ-ын Кипр дахь Энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генерал юм.
Өмнө нь Монгол цэрэг энхийг сахиулж дэлхийд танигдсан.
Өнөөдөр Монгол цэрэг олон улсын хамтарсан хүчний бүрэлдэхүүнд, илүү өндөр эрсдэлтэй үүрэгт мөн итгэл хүлээн ажиллаж байна.