У.Хүрэлсүх: Төрийн тэргүүний үүрэгт ажлаа өгнө. Надад ярих зүйл их бий

xpost Мягмар гараг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн сүүлийн үед болоод байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийнхөө байр суурийг илэрхийлье. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт руу зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээрээгээ алдан довтолгоо хийж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон, монголын ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал болж байгааг та бүхэн бүгд мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн ийм эрхэм хүндтэй албыг хашдаг. Ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг хүн гэдгийг бүгд ойлгож байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдаж байна гэдэг нь монголын ард түмний нэр хүнд рүү халдаж байгаа юм. Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа руу халдаж байна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд улс орныхоо гадаад харилцаа, хамтын ажиллагааг илэрхийлж явдаг гадаад нэр хүндтэй шууд холбоотой хариуцлагатай албан тушаал. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй хүнд, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Ингэж болдог юм болов уу. Үүнийг би хэлэхийг хүсэж байна. Хэсэг чимээгүй явлаа, харлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч юм болгонд хариулт өгөөд, сошиал ертөнц рүү ороод янз янзын асуудал яриад бичээд байдаггүй. Ийм боломж байхгүй. Ярих юм гэж байна, бас ярихгүй юм ч байна. Тиймээс өнөөдөр албан ёсоор байр сууриа илэрхийлье гэж бодсон юм.

Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. Хуулийн дор бүгд тэгш эрхтэй байна. Өчигдөр АН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгөөд үнэн мөнөө тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн шаардлагыг гаргасан байна лээ. Үүнтэй би санал нэг байгаа. Төрийн тэргүүнийг үүрэгт ажлаа өгөөд, үнэн худлыг нь тогтоох нь шударга ёсонд нийцнэ гэж Ерөнхийлөгч үзэж байгаа. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч улсын ерөнхийлөгч гэсэн эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө. Дээр нь миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор хэлэхийг хүссэн юм. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, бэхэжлээ. Монгол Улсын нэр хүнд олон улсад өдөр ирэх тусам сайхан өсөж өндийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн. Янз бүрийн бодлогын алдаа Төрийн тэргүүн гаргаагүй. Олон лусын түвшинд хамтын ажиллагаагаа сайжруулсан. Дэлхий нийт Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөг болсон. Дэлхийн олон улсын төрийн тэргүүнүүд Монгол Улсад төрийн айлчлал хийж, манай улсын нэр хүнд яаж өсөж тэлснийг сүүлийн таван жилийн хугацаанд олж харсан байх гэж бодож байна. Би 17 настай байхдаа эх орондоо тангараг өргөж цэрэг эр болсон хүн. Би офицер хүн. Худлаа хэлж явсангүй, хулгай хийж явсангүй, хуурч мэхэлж явсангүй. Энэ миний үндсэн зан характер. Үүнийг ард түмэн мэднэ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч үнэн мөнийн төлөө ажиллана. Шударга ёс тогтохын төлөө өөрийн эрхэм дээд үүрэгт ажлыг хүлээлгэн өгч байна.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ард түмнээсээ, төр засгаасаа хулгай хийж байгаагүй хүн шүү дээ. Харин хулгайд алдагдсан үйлдвэр, завод, баялгийг эх орондоо авчирч байсныг та бүхэн бүгд мэдэж байгаа байх. Эрдэнэт үйлдвэрийг олж авчирч байлаа. Монголросцветметийг олж авчирч байлаа. Багануурын уурхайг олж авчирч байлаа. Бор-Өндрийн уурхай хулгайд алдагдсаныг олж авчирч байлаа. Салхитын орд, Мөнгөний орд, Гутаан даваа, Тост тосон бумбын орд, Тармагтайн орд, Ноён уул гээд манай ард түмний өмч бусдад алдагдсан байхад нь бүгдийг нь олж авчирч, өнөөдрийн Баялгийн сангийн үндэс суурийг тавьж байсныг та бүхэн бүгд санаж байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж ажилласан гэдгээ би зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Би ажлаа хүлээлгэж өгөөд, иргэн болно. Хэвлэл мэдээллийн та бүхэн эргэн уулзаж, бүх зүйлийг ярьж өгнө. Надад ярих хөөрөх зүйл их байгаа. Төрийн тэргүүн байхад ярих, ярихгүй зүйл гэж бий. Үүнийг та бүхэн ойлгож байгаа байх. Дараа бүгдээрээ сайхан уулзаж ярилцана.